Бүгд Найрамдах Итали Улстай боловсрол, соёл, шинжлэх ухаан болон спортын салбарт хамтран ажиллана

Бүгд Найрамдах Итали Улстай боловсрол, соёл, шинжлэх ухаан болон спортын салбарт хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Ром хотноо зохион байгуулсан “Итали-Монголын бизнес форум”-ын үеэр боловсрол, соёл, шинжлэх ухаан болон спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөрийг байгуулсан. Мөн Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Бүгд Найрамдах Итали Улсын Аялал жуулчлалын яамтай хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулжээ.

“Боловсрол, соёл, шинжлэх ухаан болон спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын 2025-2028 онд хэрэгжүүлэх хөтөлбөр”-т Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд Антонио Таяани нар гарын үсэг зурсан юм.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд:

Боловсролын салбарын хамтын ажиллагаа

  • Жил бүр их, дээд сургуулийн хоёр багш эсхүл судлаачийг найман (8) хоног хүртэлх хугацаагаар харилцан солилцох,

  • Их, дээд сургуулийн шууд хамтын ажиллагааг Эрасмус нэмэх хөтөлбөр /Erasmus plus Programme/-ийн хүрээнд дэмжих,

  • Монгол хэлний сургалтад Италийн оюутнууд, Итали хэлний сургалтад Монголын оюутнууд хамрагдах боломжийг дэмжих,

Соёл, урлаг, спортын салбарын хамтын ажиллагаа 

  • Спортын анагаах ухаан, бэлтгэл сургуулилт, спортын удирдлага менежментийн хүрээнд хамтран ажиллах,

  • Спортын дасгалжуулагч, тамирчид солилцох, хамтарсан бэлтгэл сургуулилт хийх болон допингийн эсрэг хамтын үйл ажиллагааг дэмжих,

  • Түүх, соёлын өв болон урлагийн чиглэлээр өндөр түвшний үзэсгэлэн солилцоог дэмжих,

  • Кино урлагийн мэргэжилтэн, жүжигчин солилцоо, фестивальд төлөөлөгч оролцуулах,

  • Соёлын өвийн судалгаа, сэргээн засварлалт, археологийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх,

  • Соёлын үнэт зүйлсийн хууль бус худалдаатай хамтран тэмцэх,

Шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа  

  • Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг ашиглах бизнесийн санал санаачилга, хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх,

  • Экологи, соёлын өвийг хамгаалах технологи, арьс, шир боловсруулах, үйлдвэрлэх технологи, ноос, ноолуур боловсруулах, үйлдвэрлэх технологи, байгалийн гамшгийн хяналт шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэх зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

e720cef01a3d4afd8d22979873b90553

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.