Жоу карьертаа анх удаа домогт Ронниг буулган авлаа
Мэргэжлийн снукер биллиардын "UK Championship" тэмцээний шөвгийн 16 тамирчин бүрдлээ.

Шөвгийн 16-д таамгийн дагуу дэлхийн чансааг өнгөлж буй шилдгүүд дийлэнх нь шалгарсан ч Марк Аллен, Кайрен Уилсон тэр ч бүү хэл домогт Ронни О Сулливан эхний тойрогт хасагдан шуугиан тариад байна. "UK Championship" тэмцээнд найман удаагийн аваргалсан буюу түүхэн дэх хамгийн олон удаа тус тэмцээнд түрүүлсэн Роннигийн хувьд өнгөрсөн оны "UK Championship" тэмцээнд мөн нэгдүгээр тойрогт Барры Хавкинст хожигдон "мултарч" байлаа.
Харин энэ удаад БНХАУ-ын залуу тамирчин Жоу Еулонгд 6:4 харьцаагаар хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ. Хоёр тамирчны хувьд өмнө нь долоон удаа учраа таарахад Ронни бүгдэд нь хожиж байсан түүхтэй. Тоглолтын дараа Жоу сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө: "Би маш их баяртай байна. Түүхэн дэх хамгийн шилдэг нь болсон домгийг буулган авсандаа үгээр хэлэхийн аргагүй их баярлаж байна. Энэ бол миний карьерын хамгийн том ялалт байлаа" гэсэн байна.
Тэрээр шөвгийн 16-д мөн л шилдгүүдийн нэг болох дэлхийн дөрөв, "UK Championship" тэмцээний хошой аварга Марк Селбитэй тулах оноолттой байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.