Нүүрс баяжуулах гэхээр л нэг хадны мангаа гараад ирдэг

Нүүрс баяжуулах гэхээр л нэг хадны мангаа гараад ирдэг

Нэмүү өртөг шингээх гэж хэллэг эдийн засагт байдаг. Энэ бол түүхий эдийг боловсруулж илүү үнэ хүргэхийг хэлдэг. 

Зэсээр ярих юм бол зэсийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал таван цаасны түүхий эд маань маань тавин цаасаар борлогдоно гэсэн үг. Үүнтэй адилхан манай улсын экспортын 60 хувийг эзэлдэг нүүрсийг түүхийгээр нь гаргах биш ямар нэг хэмжээгээр боловсруулалт хийвэл илүү ашиг олж болно гэдгийг өдгөө найман настай хүүхэд ч мэддэг болжээ. Гэвч бид энэ талаар өнгөрсөн 30 жилийн хугацаанд ярьсаар л, одоогоор дорвитой зүйл хийгээгүй л байна. 

Улс нэг үйлдвэр барьсан сураг байдаг. Одоо түүнийгээ тойрч хянаж шалгаад, ажиллуулж байсан хүмүүсийг нь хөөж гаргаад юу ч болоод байгаа юм бүү мэд. Монгол үйлдвэрийн заяа нь хаясан улс биш байлтай. Үйлдвэр байгуулж, үйлдвэрлэл хөгжүүлье гэхээр ямар нэгэн саад тотгор байнга учирч байдаг. Нэг цахилгаан станц барья гэхээр жагсаж эсэргүүцээд зогсоолгох жишээний. 

Хувийн хэвшилд байгаа бүхэн хөгжин цэцэглэж, төрийн гарт байгаа бүхэн балран доройтдог юмсанж. 

Нүүрсийг түүхийгээр нь биш, баяжуулж зарснаар тухайн нүүрсний үнэлгээ дунджаар 30-40 хувиар нэмэгддэг байна. Хамгийн ойрхны жишээ бол Ухаа худаг.

“Энержи ресурс” компанийн энэхүү уурхай 2008 онд ашиглалтад оруутаа нүүрс баяжуулах үйлдвэрийн шаваа тавиад, бүтээн байгуулалтаа үе шаттайгаар хэрэгжүүлсээр 2013 онд үйлдвэрээ бүрнээ барьж дуусгажээ. Одоо өндөр үнэтэй кокс болон эрчим хүчний хэмээгдэх хямд нүүрс хоёрыг хольж, нэг үнээр зарж чаддаг аж. Өнгөрсөн хугацаанд 2.6 их наяд төгрөгийн татвар төлжээ. 

Төрийн гаргаж зарж буй нүүрснээс хэмжээний хувьд бага боловч чамлахааргүй ашиг олдог аж. Нийгмийн хариуцлагын хүрээнд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад нийслэлд дэмжлэг үзүүлж 150 тэрбум төгрөгийн мидлингийг үнэ төлбөргүй олгосон гэж байна. 

Ер нь одоо нүүрсийг түүхийгээр нь экспортолдог улс гэж дэлхийд байхгүй болжээ. Байгаа нь Монгол Улс. Түүхийгээр нь зарж борлуулна гэдэг сорчилж ашиглаж байгаа гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, сорчилж зарсаар нэг л өдөр кокс нь шавхагдаж, эрчим хүчний хямд нүүрс нь үлдэнэ гэсэн үг. Тэр үед бидэнд экспортын 60 хувиа юугаар орлуулах вэ гэдэг хүнд даалгавар толгой дээр унах болно. Иймд эрсдэлд хүрэхгүйн тулд баяжуулах үйлдвэр байгуулж, сайн муу гэж ялгалгүй боловсруулж боломжийн үнэд хүргэх ёстой юм. 

Хувийн хэвшилд байгаа бүхэн хөгжин цэцэглэж, төрийн гарт байгаа бүхэн балран доройтдоггүйг харуулах учиртай юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.