Ерөнхий сайд асан С.Баяр Оюутолгойн сонсголд "оролцохгүй" гэв
Оюутолгойн сонсгол энэ сарын 8-12-нд Төрийн ордонд болох гэж буй. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ахалж байгаа ба гэрчээр 300 орчим хүнийг дуудсан. Гэтэл тэдний нэг болох Ерөнхий сайд асан С.Баяр "оролцохгүй" гэдгээ илэрхийлжээ. Үүнийг сийрүүлбээс,
-"Зарлан дуудах" утасны viber апп-аар ирэв. Гурван өдрийн гурван зарлан дуудах ирүүлж.
Эхний өдрийнх нь “Жавхлант”, “Шивээ толгой” (Онтрегийн) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбоотой асуудлыг хэлэлцэх гэнэ. Дараагийн хоёр өдрийн "зарлан" нь Оюутолгой ХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврыг хэлэлцэх сонсгол юм байх. Би бээр төрөө хүндэлдэг иргэн мөн хэдий ч, эл сонсголд очихгүй. Учир нь:
1. Дээрх хоёр асуудлыг (Хайгуулын лицензтэй байсан Онтре-гийн талбай, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар г.м) миний удирдаж байсан Засгийн газар хэлэлцэж байгаагүй. Иймээс энэ талаар түр хороонд өгөх мэдээлэл надад алга.
2. "Гайт" 34 хувьд ногдох санхүүжилтийн зээл, түүний хүүгийн талаар Монгол Улсын Засгийн газар нь Рио Тинто компанитай хэлэлцээр хийж буй. Ийм үед энэ сэдвээр нээлттэй сонсгол хийж, монголын талын байр суурийн талаар ил задгай ярих нь сөрөг нөлөө үзүүлнэ.
3. Оюутолгой нь эдийн засаг, бизнесийн том төсөл байхын зэрэгцээ хэмжээ, чиглэл, ач холбогдол зэргээрээ гуравдахь хөршийн хөрөнгө оруулалт, манай улсын аюулгүй байдал, хөгжилтэй шууд холбоотой тул үүнийг олон зуун хүн оролцсон нээлттэй сонсголоор бус, огт өөр бүрэлдэхүүн, агуулга, хэлбэрээр хаалттай хэлэлцэх нь манай улсын язгуур эрх ашигт илүү нийцнэ гэж үзэж буй.
УИХ-ын зарим улстөрчид ямар арга хэмжээ хийх нь тэдний ухамсар, эрхийн асуудал. Тэр арга хэмжээнд нь очих эсэх нь иргэн миний ухамсар, эрхийн асуудал. Болгооно уу гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.