Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал: Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал: Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай

Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Улсын их хурлын дарга Н.Учрал мэндчилгээ ирүүлснийг бүрэн эхээр нь хүргэе. 

УИХ-ын дарга Н.Учрал: 

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал хандуулах, дэмжих, тэгш хүртээмжтэй амьдрах боломж олгох нь манай улсын нийгмийн хөгжлийн тулгуур зарчим, төрийн бодлогын гол үнэт зүйлсийн нэг билээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асуудалгүй амьдарч чадах нийгэмд хүн бүр амар амгалан, аюулгүй амьдарч чадна.

Манай улсад өнөөдрийн байдлаар 115 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж, амьдарч, улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байна.

Улсын Их Хурлын даргын хувьд 2026 оны хаврын чуулганаар “Саадгүй байдал, хүртээмжийн тухай” хуулийн төслийг хэлэлцүүлж батлуулахыг зорьж байна.

Энэ хууль батлагдсанаар хүний эрх, тэгш оролцоо, хүртээмжийн үндсэн зарчим бодит амьдралд хэрэгжих, төр, хувийн хэвшил, иргэн бүгд баримтлах тогтвортой стандарт бий болно. Үүнд Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун тэргүүтэй гишүүд манлайлна.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хадмал орчуулга нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн.

Үр дүнд сонсголын бэрхшээлтэй иргэд төрийн шийдвэр гаргах үйл явцад тэгш оролцож, парламентын ил тод байдал, хүртээмжийн соёл нэг шат ахина.

Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай.

Өнөөдрөөс эхлэн бид хүртээмжийг хэлэлцдэг бус, хэрэгжүүлдэг улс байхын төлөө алхам бүрээ бодит үр дүн рүү чиглүүлэх шаардлагатай.

Санаачилгатай хэн нэгэн бус, хүн бүр төрийн үйлчилгээ, нийгмийн амьдралд саадгүй, тэгш оролцож чаддаг орчныг бүтээх нь бидний нэн чухал зорилт.

Энэ зорилтыг үгээр бус үйлдлээр, зарчмаар бус бодит өөрчлөлтөөр баталгаажуулж, хамтдаа хөгжлийн шинэ соёл, стандартыг бүтээцгээе гэжээ. 

d1f2c44ee3ec446f8c76e989d7477967

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.