“Говь” ХК-ийн албан тушаалтан хахууль авсан хэрэгтээ торгох ял шийтгүүлэв

“Говь” ХК-ийн албан тушаалтан хахууль авсан хэрэгтээ торгох ял шийтгүүлэв

Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыхаа холбогдсон хэргийн дуулианы дараа хэлбэрээ өөрчлөн хаалттай, хязгаарлагдмал хариуцлагатай болох гэж оролдсон ч Санхүүгийн зохицуулах хорооноос буцаагаад буй “Говь” ХК-ийн албан тушаалтны хахууль авсан хэргийг шүүх шийдвэрлэлээ. Тус компанийн Худалдан авалтын хэлтсийн менежерээр ажиллаж байсан Н.Шийтэрцэрэн албан тушаалаа ашиглан тендерийн мэдээллийг бусдад өгснийхөө хариуд 30 сая төгрөгийн хахууль өгөхийг шаардсан аж.

“Говь” ХК-иас үйлдвэрийнхээ гал тогооны агааржуулалтын системийг шинэчлэхээр тендер зарлажээ. Гэтэл Н.Шийтэрцэрэн нь тендер сонгон шалгаруулах хороонд багтаагүй атлаа зохион байгуулах, шалгаруулах тухай мэдээллийг Ш.Соёмбо гэх хүнд өгсөн байна. Улмаар сонгон шалгаруулалтад Ш.Соёмбын байгуулсан, агааржуулалт салхивчны тоног төхөөрөмжийн худалдаа, барилгын засвар, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, автомашин угаалгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Түшиглэн-Анар” ХХК ялсан гэнэ. Ингэж шалгаруулсны хариуд Н.Шийтэрцэрэн нь найзынхаа дансаар дамжуулан 10 орчим сая төгрөгийн хахууль авчээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчдийн шалгалтын явцад дээрх хоёр хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурортоо хэргээ хялбаршуулж шуурхай шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Үүнийг нь Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор хүлээн аваад Н.Шийтэрцэрэнд Эрүүгийн хуулийн 22.13-1-дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлджээ. Харин Ш.Соёмбод мөн хуулийн 22.5-1 дэх хэсгийн бусдад хахууль өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн юм. Уг хэргийг тус шүүх өчигдөр хянан хэлэлцээд “Говь” ХК-ийн Худалдан авалтын хэлтсийн менежер Н.Шийтэрцэрэнд 2.7 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хасахаар болов. “Түшиглэн-Анар” ХХК-ийн захирал Ш.Соёмбод яг ижил ял оноосон бөгөөд тэд хахуульд өгч, авсан 10 сая төгрөгөө Төрийн сангийн дансад тушаасныг улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.