“Стратегийн орд” хэмээн хөгжлийн дөнгийг салгууштай
2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах тухай” УИХ-ын 27 дугаар тогтоол гарч байв. Ингэж Тавантолгой, Ухаа худаг хэмээх ордуудын зовлонгийн эх үүтгэл тавигджээ.
Улмаар, Тавантолгой ордыг эзэмшигчидтэй хэлэлцээ хийж эхэлсэн байдаг. Энэ дагуу 2007 оны долдугаар сарын 10-нд Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг өргөн мэдүүлж, “Тавантолгой ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Энержи ресурс” ХХК-ийн хувьцааны төрийн эзэмших хувийг 50 хувиар тогтоосугай” хэмээн лүндэн бууж байв.
Өөрөөр хэлбэл, Тавантолгойн 50 хувийг төр авна гэжээ. Харин хэлэлцээрийн дүнд уг ордыг 100 хувь эзэмшиж “Энержи ресурс” ХХК буулт хийхийн дээдээр хийж, зургаахан хувийг авч үлдэн, 94 хувийг нь төрд бэлэглэжээ.
Одоо харин стратегийн орд гэх өнөөх нэр томьёогоороо тодорхой тооны хувь, хувьцаа, ашгаа Баялгийн санд өг хэмээн тулгаж байна. Саяхан агаарын бохирдолтой тэмцэх нэрийдлээр тус компаниас 150 тэрбум төгрөгийн үнэ бүхий мидлинг үнэгүй авч тараасныг эс ярья гэхэд.
“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэх ойлголт нь хуучин ЗХУ-ын үед хэрэглэгдэж байжээ. Өнөө үед олон улсад нэгэнт хэрэглэгдэхээ больсон энэ нэр томьёо Монголд амьд бөхтэй байсаар байгаа учир бид олон улстай ижил хэлээр ярих боломжгүй болчихоод байгаа аж.
Үүний цаана төрийн ямар эрх дарх байдаг вэ гэхээр, стратегийн ордын хувьцааг төр үнэгүй авдаг, хувийн хэвшил буюу хөрөнгө оруулагч тал хувьцааны хяналтын багцыг эзэмшихгүй байх, хэрэв хувьцааны хэмжээг хэтрүүлбэл Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилж компанийн удирдлагыг хүчээр авдаг, тусгай татвар авах гэх мэт олон төрлийн хязгаарлалт бий болгож байна.
Цаашилбал, стратегийн ордод хөрөнгө оруулж буй хувийн хэвшил 34 хувиас дээш хувьцаа эзэмшиж болохгүй, харин төр заавал 34 хувиас дээш хувийн хувьцааг үнэ төлбөргүй эзэмшинэ гэсэн зохицуулалт амь бөхтэй үйлчилдэг. Стратегийн орд бүр дээр төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжүүд байгуулагддаг.
Тухайн орд бий болоход төрөөс ямар ч хөрөнгө оруулахгүй, эрсдэл хүлээхгүй. Тэгсэн атлаа хууль гаргах замаар хувийн өмчийг боловсон дээрэмдэх байдлаар хамгийн том хувьцаа эзэмшигч болдог байдал үргэлжилсээр.
Иймээс шинээр хөрөнгө оруулалт орно гэсэн ойлголт Монголд өдгөө байхгүй болчихоод байна. 2026 онд лав нэг ч шинэ хөрөнгө оруулалт орохгүй гэж эдийн засагчид дуу нэгтэй баталж байгаа юм.
Нэгэнт хөрөнгө оруулсан, эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүд үйл тамаа эдэлж байна. “Энержи ресурс” компанийг хэдэн талаас нь хэмлэдэг шиг “та нар хаа холдох юм!” гэсэн байдлаар тэдний шүүсийг шахаж байна.
Энэ тухай өмгөөлөгч, хуульч Б.Баяраа “Шулуухан хэлэхэд, ийм хуультай улсад хэн ч хөрөнгө оруулахгүй. Өмнө нь итгээд хөрөнгө оруулчихсан нэг үгээр бол хэт гүн орчихсон гарч чадахгүй гацсан хөрөнгө оруулагч нар л үйлээ үзэж байх шиг байна” хэмээхэв.
Энэ байдлыг засах уг нь амархан юм билээ. “Стратегийн орд” гэх ойлголтыг олон улсын нийтлэг сайн жишигт нийцүүлэн “стратегийн бүтээгдэхүүн” гэсэн ойлголтоор өөрчлөхөд л болох юм билээ.
Даанч ийм сэтгэхүйтэй сайд мяндагтан энэ дээр одоогоор лав алга.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.