🔴Ж.Чинбүрэн: Эх нялхсын мэс заслын өрөөний төсвийг хасаагүй

AI хөрвүүлсэн

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:

-Томуу, томуу төст өвчлөлийг тоогоор илэрхийлвэл, 10 мянган хүнд 50 орчим хүн өвдөж байсан бол өнөөдрийн байдлаар 10 мянгад 100 орчим хүн өвдөж байна. Хоёр дахин нэмэгдэж, алаг цоог байдлаасаа идэвхжилтэй байдал руу шилжлээ. Ингээд Монгол Улс даяар томуу, томуу төст өвчний идэвхжил өндөр түвшинд хүрсэн учраас идэвхжлийн хоёрдугаар зэрэгт шилжүүлсэн.

Улсын хэмжээнд 6400 орчим хэвтэн эмчилдэг ор байдаг бол үүний 50 орчим хувийг амьсгалын замын халдварт өвчинтэй холбоотой хэвтэлтүүд эзэлж байна. Өнөөдрийн Засгийн газрын хурлаар сумын эрүүл мэндийн төвүүд болон нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг илүү цагаар ажиллуулах, түүнд гарах зардал, мөн дээрээс нь оношилгоотой холбоотой 1.4 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөр шийдэхээр тогтоол гаргаж, баталлаа.

Улирал болгон хүүхдүүдийн орны хүрэлцээ хүрэхгүйгээс болоод коридорт хэвтдэг асуудлыг гаргахгүй гэсэн том зорилтыг бид тавьж ажилласан. Нэгдүгээрт, давхцаж гарах байсан улаан бурхны хүчдэлийг дарж чадлаа. Хоёрдугаарт, томуугийн эсрэг вакцинжуулалтыг нэлээн өндөр түвшинд хийж чадлаа. 300 мянган тун вакциныг нэг ч үлдэгдэлгүйгээр хийж байсан тохиолдол урьд өмнө байхгүй. Бараг 50 хувийг нь ашиглахгүйгээр хаядаг байсан бол энэ жил нийт зургаан бүлгийн насны томуугийн вакцин хийлгэх шаардлагатай хүмүүсийн 99 хувь нь хийлгэсэн. Гэвч вирус нь хувьсан өөрчлөгдөж, сүргийн дархлаа тогтоогүй байгаа учраас халдвар авах магадлал нь хүндэрсэн.

Орны төлөвлөлтүүд бэлэн байсан тул одоогоор нэг ч хүүхэд коридорт эмнэлгийн оргүйгээр хэвтээгүй. Зарим нэг зөрүүтэй ойлголтууд байгаа. Жишээлбэл, эмнэлэгт ирээд үзүүлэхээр хяналтад авна. Хяналтад аваад цаашаа хэвтүүлэх эсэхийг шийддэг. Хяналтын хугацаанд үндсэн том зааланд хүлээдэг явдлыг коридорт хэвтчихлээ гэж хараад байгаа юм. Өнөөдөр бид томуу, томуу төст өвчтэй холбоотой 1024 ор нэмээд дэлгэчихсэн байна.

Менингитийн халдвар бас илэрсэн. Хамт амьдарч байгаа, халдвар авах эрсдэлтэй хүмүүст урьдчилан сэргийлэх эмчилгээнүүд шууд хийж эхэлсэн. Одоогийн байдлаар халдвар нэмэгдэж гараагүй. Ковид цар тахлын үед бид зайлшгүй хийх ёстой вакцинуудаа хүүхдүүддээ гүйцэд хийж чадаагүй. Энэ нь өнөөдөр бидэнд том дарамт болох эрсдэл байгаа учраас нөхөн вакцинжуулалтын асуудлыг эрчимтэй явуулж байгаа.

Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтраад, томуу, томуу төст өвчний ачааллыг хуваалцах байгууллагуудаа хуваарилж байна. Олон нийтийг хамарсан өвчний үед нийгмийн эрүүл мэндийн тусламжаар явах ёстой юм. Ийм үед даатгалын сангаасаа хумслаад байвал даатгалын санхүүжилтийн буюу архаг хууч, төлөвлөгөөт эмчилгээнүүдээ хойшлуулах шалтгаан болж байна. Харин яаралтай, амь нас эрсдэж байгаа үеийн тусламж үйлчилгээ дээр хязгаарлалт хийхгүй байгаа. Мөн томуу, томуу төст өвчний хүндрэлээс үүдэлтэй амьсгалын замын цочмог халдвар, уушгины хатгалгаа зэргийн хэвтэн эмчлүүлэх зардлуудыг өгч байгаа. 

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн вакуум мэс заслын өрөөний төсвийг хасаагүй. Тус төвд 20 тэрбум төгрөгийн засвар үйлчилгээний ажил хийж байгаа гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.