🔴С.Амарсайхан: Засгийн газраас гарахад ямар нэгэн хувь хүний харилцаа нөлөөлөөгүй
УИХ-ын гишүүн С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлээ.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан:
-Тухайн үед үзэл бодлын болон зарчмын зөрөөнөөс шалтгаалж Засгийн газрыг огцруулах асуудал дээр гарын үсэг зурсан. Энэ бол хувь хүний биш, зарчмын шийдвэр байсан бөгөөд одоо ч тэр зарчим дээрээ байгаа. Одоо харин тухайн үеийн асуудлаа орхиод, Засгийн газрын ажлыг эрчимтэй явуулах, нийгмийн болон улс орны амьдралыг хурдтай урагшлуулах, УИХ-ын үйл ажиллагаа, бодлого шийдвэрүүдийг хурдтай гаргахад анхаарах цаг.
Өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд хийсэн ажлууд, бодлого, стратегийг дурдвал, бид "Нэг улс-Нэгдсэн стандарт" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Стандарт гэдэг бол хүний хөгжлийн суурь, улс орны хэмжээнд хамгийн чухал асуудал. Аливаа зүйлийн хэм хэмжээ, эмх цэгцийг тодорхойлохгүйгээр хэчнээн бодлого шийдвэр гаргаад, хөрөнгө оруулалт хийгээд ч үр дүн гарахгүй. Тиймээс эрүүл мэнд, боловсрол, зам, дэд бүтэц, барилга байгууламж гээд бүхий л салбарт энэ стандартыг мөрдүүлэх ёстой гэж үзэж, Монгол Улс анх удаа олон улсын стандартаа батлуулсан. Онцгой байдлын салбарт эрсдэлийг бууруулах стратеги, бодлогыг 2024-2030 он хүртэл хэрэгжүүлэхээр баталсан. Мөн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа УИХ-аар батлуулж, орон нутгийн онцлогт тохирсон, нийгэм, эдийн засгийн үр өгөөжтэй, иргэд, аж ахуйн нэгжүүдийн амьжиргааг дээшлүүлэхтэй холбоотой бодлогуудыг хэрэгжүүлсэн. "Шинэ хоршоо" хөтөлбөр ч бий.
Эдгээр бодлого, шийдвэрүүдээ шинэ Шадар сайд Х.Ганхуягт 34 хавтас бүхий бичиг баримттай нь бүгдийг хүлээлгэж өгсөн. Шинэ Шадар сайд эдгээр бодлогыг төрийн бодлого, нийгмийн шаардлага, цаг үеийн асуудлуудтай уялдуулж үргэлжлүүлэх бүрэн чадамжтай гэж үзэж байна. Би УИХ-ын гишүүний хувьд бүх талаар дэмжээд ажиллана.
2026 онд бид гурван том ажлыг хийх ёстой. Нэгдүгээрт, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагааг өргөжүүлж, бүс бүрт онцгой байдлын салбарын агаараас эрэн хайх буюу нисдэг тэрэгтэй салбаруудаа нээх төлөвлөгөөтэй байна. Том оврын онгоц, нисдэг тэргүүдээ авч, ой, хээрийн гал түймэр, эрэн хайх, аврах, сэргээн босгох үйл ажиллагаандаа анхаарах ёстой. Хоёрдугаарт, Монгол Улсын хэмжээнд 330 суманд аврах бүлгүүдийг жишиг стандарттайгаар байгуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ ажлууд бүх сумдад үргэлжлэн хэрэгжих ёстой. Гуравдугаарт, улсын хэмжээнд гамшиг осол, газар хөдлөл, гал түймэр, салхи шуурга, үер ус гээд бүхий л гамшгийн үед иргэдэд цаг алдалгүй мэдээлэл хүргэх үндэсний хэмжээний зарлан мэдээлэх системийг Японы "ЖАЙКА"-гийн тусламжтайгаар, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр хийж эхлүүлж байна.
-Өмнөх Засгийн газарт ажиллаж байхад ямар нэгэн таарамжгүй харилцаа, санал зөрөлдөх асуудал гардаг байсан юм уу? Ямар шалтгааны улмаас Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсан юм бэ?
-Ямар нэгэн хувь хүний асуудал, харилцаа байхгүй. Өмнөх болон одоогийн Ерөнхий сайдуудтай аль алинтай нь хамтарч ажиллаж ирсэн. Хувь хүний талаасаа надад одоо үйл ажиллагаа явуулж байгаа, ажил алба хариуцаж байгаа хүмүүстэй ямар ч асуудал байхгүй. Засгийн газрын үйл ажиллагаа гэдэг бол нийгмийн хүлээлт, шаардлагад нийцсэн, төрийн зөв бодлоготой, хамгийн гол нь олон нийт болон төрийн харилцан итгэлцэл дээр явж байдаг. Энэ итгэлцэл үнэн, бодитой байх ёстой. Энэ итгэлцэл хүний амьдрал, өнөөдрийн эдийн засаг, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, ажлын байр бий болгоход чиглэсэн байх ёстой. Цаашлаад бизнес, аж ахуйн нэгжүүдийг дэмжих замаар зах зээлээ тэлэх ёстой гэдэг зарчмыг би баримталдаг. Энэ зарчмын хүрээнд асуудлууд яригдсан. Зарим зүйл шийдэгдэхгүй, хэт явцуу агуулгаар явсан учраас тухайн үед би зарчмын шийдвэрээ гаргасан гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.