🔴О.Номинчимэг: Тамхины тухай хуулийг санаачлахад элдэв төрлийн дарамт ирсэн. Гэсэн ч парламентаар хэлэлцүүлж чадлаа

AI хөрвүүлсэн

О.Номинчимэг нарын гишүүдийн санаачилсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ 61.8 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эрүүл мэндийн салбарт сүүлийн 13 жил хийж чадахгүй, сүүлийн 5-6 жил давж чадахгүй байсан. Гэхдээ өнөөдөр УИХ олон шинэ гишүүнтэй, нам харгалзахгүй, зөв зүйтэй зүйлийн талд хамтарч ажилладаг 126 гишүүнтэй болсны үр дүнд бид парламентын босгыг давууллаа.

Энэхүү хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх дэмжээд, одоо гишүүдийн ажлын хэсэг байгуулагдаад, байнгын хороодоор хэлэлцэх процесс эхэлж байна. Гишүүдийн хувьд олон талын саналуудыг хэлж байгаа. Мэдээж тооцоо судалгаатай хандах ёстой, олон талаас нь харахгүй бол сөрөг үр дагавар гарах вий гэсэн болгоомжлол байгаа. Манай ажлын хэсгийн хувьд мэргэжлийн баг хамт олон бүх тооцоо судалгааг хийгээд, Монголынхоо хөрсөн дээр буусан, Монголдоо таарсан тооцооллоор оруулж ирсэн. Сайн, чанартай хууль гарахын тулд шүүн хэлэлцээд, парламентаар батлах процесс болох болов уу.

Дарамт шахалтын хувьд ер нь их нөлөөлөх гэж оролдсон. Би иргэдийнхээ төлөө дуугарах, мөнгөний ашиг сонирхлоос үүдсэн төрийн бодлогыг бага ч гэсэн өөрчлөхийн төлөө улс төрд орсон. Наанаа тамхи гэдэг бүтээгдэхүүн яригдаж байгаа ч, цаад утга санаа нь үнэхээр төрийн бодлого, ялангуяа эрүүл мэндээ хамгаалах бодлогод энэ лоббичдын мөнгө нь хүчтэй юм уу, эсвэл ард иргэдийн дуу хоолой хүчтэй юм уу гэдгийг энэ хуулийн төсөл харуулж байна. Хуулийг анх санаачлаад, ажлын хэсэг ахлаад явж байхад олон талаас нөлөөлөх гэж оролдсон. Энэ нөлөөллийг авахгүй гэдгээ илэрхийлэхэд сошиал орчинд намайг харлуулах кампанит ажил их явсан.

Яг үнэндээ энд цөөхөн хэдэн бизнесийн эрх ашиг л яригдаж байгаа. Гэхдээ тэд зохион байгуулалт сайтай, нөлөөлөл ихтэй байна. Сиймхий гарвал улс төрчид ч нөлөөлөхийг оролдож байна. Гэвч 126 гишүүнтэй парламент болж, олонх нь эрүүл саруулаар сэтгээд, асуудлыг зөв шийдэх сэтгэлтэй хүмүүс байгаа учир энэ хууль шийдэгдэнэ гэж найдаж байна.

Хуулийн төслөө харвал, татвар дээр ерөөсөө бүгд ижилхэн байгаа. Хэнийг ч алагчлахгүй, адилхан хувь хэмжээгээр өсгөхөөр байгаа. Нэгнийг нь илүүд үзээд, эсвэл багад үзсэн юм байхгүй. Өмнө нь харин лобби ороод, янз бүрийн байдлаар татвар төлдөггүй, эсвэл татвараа бага тавиулдаг байсан асуудлыг бүгдийг нь яг адилхан нэг зэрэгт аваачсан. Урьд нь зохицуулалтгүй байсан этгээдүүд энэ хортой бүтээгдэхүүнээс огцом ашиг олоод, гол хохирогч нь бидний үр хүүхдүүд болж үлдсэн. Энийг таслан зогсоох асуудлыг хөндөхөөр ингэж улайрч байгаа нь зүй зохисгүй хэрэг. Бид нар хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хохироон байж хэдэн хүний бизнесийг хамгаалах ямар ч үүрэггүй. Дан ялангуяа Хятадын 5-10 компанийн бүтээгдэхүүнд Монголын хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирох ямар үр төлөөстэй юм бэ? Энийг л бид нар шийдье гэж байгаа юм гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.