Нэг яндангаас ялгарах агаар бохирдуулагч бодисын хэмжээ зургаан машинаас ялгарах хэмжээтэй дүйцдэг

Нэг яндангаас ялгарах агаар бохирдуулагч бодисын хэмжээ зургаан машинаас ялгарах хэмжээтэй дүйцдэг

2022 онд Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (JICA)-аар агаар бохирдуулагч эх үүсвэрийн ялгарлын инвенторын судалгаа хийлгэсэн билээ.

Тус судалгаанд нийт таван дулааны цахилгаан станцын жилийн нүүрсний зарцуулалтын хэмжээг гэр хорооллын айл өрхийн яндан болон авто тээврийн хэрэгслээс ялгарах агаар бохирдуулагч бодисуудын ялгарлын коэффициенттой дүйцүүлсэн байна. Тухайн онд нийслэлийн хэмжээнд 150,338 гэр хорооллын айл өрх, 484,810 авто тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байдаг.

Дээрх тоон мэдээллүүдээс үзэхэд:

Дунджаар нэг яндангаас ялгарах агаар бохирдуулагч бодисын хэмжээ зургаан ширхэг авто тээврийн хэрэгслээс ялгарах агаар бохирдуулагч бодисын хэмжээтэй, нэг дулааны цахилгаан станцын нүүрсний хэрэглээнээс ялгарах агаар бохирдуулагч бодисын хэмжээ 49,661 ширхэг гэрийн яндангаас ялгарах агаар бохирдуулагч бодисын хэмжээтэй, мөн нэг дулааны цахилгаан станцын нүүрсний хэрэглээнээс ялгарах агаар бохирдуулагч бодисын хэмжээ нь 297,966 ширхэг авто тээврийн хэрэгслээс ялгарах агаар бохирдуулагч бодисын хэмжээтэй тус тус дүйцэж байна.

2025 оны байдлаар нийслэлийн хэмжээнд 131,109 гэр хорооллын айл өрх, 804,656 авто тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Дээрх Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (JICA)-ын 2022 оны судалгааны дүнг одоогийн байдлаар нийслэлд бүртгэгдсэн авто тээврийн хэрэгслийн тоо болон гэр хорооллын айл өрхийн яндангийн тоон мэдээлэлд үндэслэн тооцоолж үзэхэд 804,656 авто тээврийн хэрэгслээс ялгарах агаар бохирдуулагч бодисын хэмжээ 134,109 гэрийн яндангаас ялгарах агаар бохирдуулагч бодисын хэмжээтэй, 171,976 гэрийн яндангаас ялгарах агаар бохирдуулагч бодисын хэмжээ 3.5 дулааны цахилгаан станцаас ялгарах агаар бохирдуулагч бодисын хэмжээтэй тус тус дүйцэж байгааг доорх зураглалд харуулав. 

Авто тээврийн хэрэгслийн агаар бохирдуулагч бодисын ялгарлын дүнгээс үзэхэд автозамын хөдөлгөөнд оролцох байдлаар суудлын автомашин хамгийн их нягтшилтай, мөн бохирдуулагч бодисын нийт ялгарлын хэмжээ хамгийн их буюу агаарын бохирдолд үзүүлэх нөлөө хамгийн өндөр байна.

Мөн дизель хөдөлгүүртэй том оврын ачааны машин, автобусны хувьд дизель түлш нь өндөр температурт шатдаг учраас бүрэн шаталт явагдаж, шаталтаас үүдэлтэй хүхрийн давхар исэл (SO2)-ийн хэмжээ харьцангуй бага боловч тоосонцор (PM) буюу хөө тортогжилт хамгийн их ялгарч байна.

Дулааны цахилгаан станц нь нийслэлийн эрчим хүч, дулааныг үйлдвэрлэж, хангадаг гол байгууламж бөгөөд нийслэлийн хүн ам нэмэгдэж, хотын барилга байгууламж ихсэх тусам үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай болдог тул жилээс жилд зарцуулах нүүрсний хэмжээ ч мөн нэмэгдэж байдаг. Иймээс түлшний шаталтаас үүдэлтэй агаар бохирдуулах бодисын ялгарал хамгийн ихтэй байдаг боловч агаарын бохирдолд үзүүлэх нөлөөллийн хувьд бусад эх үүсвэр (гэрийн яндан, автомашин зэрэг)-тэй харьцуулахад харьцангуй бага байдаг. Учир нь Дулааны цахилгаан станцын яндан өндөр учраас агаар мандалд замхарч, хүний амьдрах, амьсгалах түвшний хэмжээнд нөлөөлөх нь бага гэж үздэг.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.