🔴П.Наранбаяр: 1-5 дугаар ангийн сурагчдын хичээлийг ирэх даваа гаргаас цахимд шилжүүлнэ
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн оргил үе эхэлсэнтэй холбоотойгоор төвийн зургаан дүүргийн 1-5 дугаар ангийн сурагчдын хичээлийг ирэх даваа гаргаас цахимд шилжүүлнэ хэмээн Боловсролын сайд мэдээллээ.
УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр:
-Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ханиад томууны тархалтын нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр нийслэлийн хэмжээнд алаг цоог дэгдэлттэй байгаа сургуулиудын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь ханиад томууны тархалт хамгийн их байгаа бага болон дунд сургуулийн сурагчдыг хамрах юм.
Арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн бага сургуулийн сурагчид цахим хэлбэрт шилжиж, арванхоёрдугаар сарын 15-наас амралтаа эхлүүлнэ. Харин дунд сургуулийн сурагчид дараагийн долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 8-наас цахим хичээлд шилжих тооцоололтой байна.
16-18 насны ахлах сургуулийн сурагчдын дунд ханиад томууны тархалт бага байгаа тул тэд танхимаар хичээллэнэ. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд буюу цэцэрлэгүүд хэвийн ажиллах бөгөөд эцэг эхчүүд хүүхдээ асрах, харах шаардлагатай. Хэрэв цэцэрлэгүүдийг хаавал эцэг эхчүүд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болох эрсдэлтэй юм.
Цахим хичээлийн хугацааг ханиад томууны тархалтын байдлыг харгалзан долоо хоног эсвэл 14 хоногоор тогтоох шийдвэр гаргана. Боловсролын байгууллагуудыг бүхэлд нь цахимд шилжүүлэхгүй бөгөөд зөвхөн нийслэлийн төвийн зургаан дүүргийн, тархалт өндөр байгаа сургуулиудад алаг цоог байдлаар энэхүү шийдвэрийг хэрэгжүүлнэ гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.