🔴О.Баасанхүү: Ардчилсан нам 16 өөрчлөлтөө зассан. Дээд шүүх ялгамжтай хандахгүй байх гэж найдаж байна

AI хөрвүүлсэн

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит 67 дугаар хуралдаанаар Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг баталсан. Уг асуудлаар Ардчилсан намын EНБД О.Баасанхүүгээс тодрууллаа. 

Ардчилсан намын EНБД О.Баасанхүү:

-Ардчилсан нам өнөөдөр намын дүрмийн өөрчлөлтөө Улсын Дээд шүүхэд хүргүүлэхээр болсон. Энэ нь намын Их хурлаар батлагдсан мянга гаруй заалтаас Дээд шүүхээс дахин засварлах, сайжруулах шаардлага тавьсан 16 заалтыг Үндэсний бодлогын хорооны хурлаар хэлэлцэн, өөрчлөлт оруулсантай холбоотой юм.

АН-ын зүгээс УДШ-д хүндэтгэлтэй ханддаг. УДШ баталгаажуулсны дараа л намын даргаа албан ёсоор дарга хэмээн дуудаж, дүрмийнхээ хүрээнд бүтэц зохион байгуулалтаа өөрчлөх зарчим баримталдаг. Харин эрх баригч МАН Их хурлаа хуралдуулангуутаа намын даргаа томилж, УДШ-д бүртгэгдээгүй байхад намын дарга хэмээн үйл ажиллагаа явуулж байгаа нь шүүхийг үл хүндэтгэсэн үйлдэл. Шүүхээ хүндэтгэе, эсвэл шүүхгүй амьдарцгаая. 

Одоогийн байдлаар УДШ-ээр баталгаажаагүй 14 намын дарга байна. Тэд өөрсдийгөө дарга хэмээн нэрлэж яваа нь эрүүгийн хариуцлага хүлээх асуудал ч яригдаж болзошгүй. Учир нь, Эрүүгийн хуульд аливаа байгууллагын нэрийг ашиглах, шүүхээр албажаагүй процессыг хийхийг хориглосон байдаг. 

Дүрмийн өөрчлөлтөд зарчмын томоохон өөрчлөлтүүд ороогүй. Тухайлбал, нам улсаас авсан төсвөө бүх жижиг нэгжүүддээ хуваарилах ёстойг тодорхой болгох зэрэг шаардлагыг УДШ-ээс тавьсан. АН-ыг бүх зүйлээ тодорхой болго гэж шаардаж байгаа. Бид ч тавьсан шаардлагуудыг хуулийн хүрээнд бүрэн биелүүлж байгаа. Дээд шүүх алагчлалгүй хандана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.