🔴С.Бямбацогт: Хүүхдүүдийг тамхинаас холдуулах, урьдчилан сэргийлэх бодлогын шийдлүүд хэрэгтэй
УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 78 гишүүн өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:
-УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд тамхины татварыг их хэмжээгээр нэмэгдүүлэхээр тусгагдсан нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа. Тухайлбал, янжуур тамхины үнэ дунджаар 5000 орчим төгрөг байсан бол 8000 орчим төгрөг болж, 2030 он гэхэд 16000 төгрөгт хүрч гурав дахин нэмэгдэхээр байна. Мөн вейп, айкос зэрэг бүтээгдэхүүний үнэ ч мөн адил нэмэгдэхээр байна.
Тамхины хэрэглээг хязгаарлах санааг дэмжиж байгаа ч, зөвхөн үнийг нэмэхээс гадна тамхины хор хөнөөлийг сурталчлах, урьдчилан сэргийлэх, ялангуяа өсвөр насны хүүхдүүдийг тамхинаас холдуулах тал дээр илүү анхаарах ёстой.
Мөн тамхины төрлүүдээс хамгийн хор багатайд тооцогддог вейп зэрэг бүтээгдэхүүний үнийг их хэмжээгээр нэмэгдүүлснээр иргэд илүү хортой янжуур тамхи руу шилжих эрсдэлтэй. Янжуур тамхи нь зөвхөн хэрэглэгчийг төдийгүй эргэн тойрны хүмүүсийг дам тамхидалтаар хордуулдаг тул энэ төрлийн тамхины хэрэглээ нэмэгдэх вий гэсэн болгоомжлол үүсээд байна.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, ялангуяа өсвөр насны хүүхдүүдийг тамхинаас холдуулах, мөн харьцангуй бага хортой тамхины хэрэглээ рүү шилжүүлэх зэрэг бодлогын шийдлүүдийг илүүтэй анхаарах шаардлагатай гэж харж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.