“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томилжээ

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томилжээ
“Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл олон улсад сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр тус компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томилох шийдвэрийг санал нэгтэйгээр гаргалаа. С.Мөнхсүх нь 2026 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс үүрэгт ажлаа эхлүүлнэ.
 
Тэрбээр уул уурхай, иргэний нисэх, хөрөнгө оруулалт болон санхүүгийн салбарт 25 гаруй жил ажиллан, удирдах албан тушаал хашиж, олон улсад танигдсан туршлагатай мэргэжилтэн юм. С.Мөнхсүх нь 2012 оноос “Оюу толгой” компани дахь ажлын замналаа эхлүүлж стратегийн ач холбогдол бүхий олон төсөлд гар бие оролцож байв. 2015 онд Рио Тинто групп рүү шилжин, оролцогч талуудын харилцаа, түншлэл, хамтын ажиллагааг удирдан хариуцаж байсан туршлагатай.
 
С.Мөнхсүх нь “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдохоос өмнө Рио Тинтогийн Ази, Номхон далайн бүсийн Өсөлт ба хөгжил хариуцсан захирлаар ажиллаж байв. Энэ хугацаандаа Зэсийн группийн төслүүдийг тус бүс нутагт тэлэхэд чиглэсэн түншлэлийг хөгжүүлэх, томоохон төслүүдийг амжилтад хөтлөх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах компанийн санаачилгуудыг идэвхжүүлэх ажлыг гардан гүйцэтгэсэн. Тухайлбал, тэрээр Австрали дахь Вину зэс алтны уурхайн төслийг урагшлуулан эрчимжүүлсэн.
c9c5445694c84327b4786ffe4430a37a
“Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Шон Хинтон хэлсэн үгэндээ “Өнгөрсөн 15 жилийн турш бүтээн байгуулалт өрнүүлж, амжилт бүтээлээ тогтвортой үйлдвэрлэлээр баталгаажуулсан Оюу толгой хөгжлийнхөө дараагийн шатанд ирээд байна. Түүхэн ач холбогдолтой энэ мөчид хувь нийлүүлэгчдийн итгэлцэл, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн зэрэгцээ Оюу толгойн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх үүрэг С.Мөнхсүхэд ирж байна. Түүний уул уурхайн салбарын өргөн мэдлэг, Оюу толгой болон Рио Тинто группт ажилласан арвин туршлага нь Оюу толгойн амжилтын буухиаг үргэлжлүүлж, компанийг өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд нь хөтөлнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн цохон тэмдэглэв.
 
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдож буй С.Мөнхсүх “Надад итгэл хүлээлгэсэнд гүнээ талархахын сацуу Оюу толгойн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд гар бие оролцон зүтгэж, өнөөгийн амжилтад хөтөлсөн хамт олноороо бахархаж байна. Оюу толгойн амжилт бүтээлийг шат ахиулах, Монгол Улсын тогтвортой хөгжилд оруулах хувь нэмрийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх, Оюу толгойтой холбогдсон тал бүрд үнэ цэнийг бий болгохын төлөө хичээн ажиллах болно” гэв.
678a3e68ae8242c580c9eb06abbce2ae

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

haha 1 цаг өмнө
Зээл зээлийн хүүг бүрэн зогсоож өмнө нь төлсөн бүх мөнгөө буцааж авах ёстой. Баялгийн мянганы хамгийн том хулгай луйвар бол Оюутолгой гэдгийг хүн бүр л ойлгодог болсон. Баялгаа зүгээр өгчихөөд өрөнд ордог гэрээ байгуулсан түшээдийг хатуу цээрлүүлэх ёстой. Олон улсын туршлагаар бол баялгийн эзэн улс нь өөрийн газар доорх баялгийн нөөцөө үнэлж баялгийнхаа нөөцийн үнийн дүнгээр хөрөнгө оруулалт хийж харин хөрөнгө оруулагч тал нь олборлолттой холбоотой бүх зардлаа гаргадаг жишиг бий. Монгол улс өрөнд орох ямар ч нөхцөл үндэслэл байхгүй харин ч авлагатай байх ёстой юм. Тэр мөнгөөр бүх монголчуудыг зуун жил тэжээхэд ч хангалттай юм шүү