Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал ахмадуудтай уулзжээ
Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал анхны томоохон хэмжээний уулзалтаа намын төв байр Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2025.11.25/ нийслэлийн төвийн бүсийн зургаан дүүргийн Социал Демократ Ахмадын Холбооны гишүүд, дэмжигчид, удирдлагуудтай уулзсанаар эхлүүлэв.
Тэрбээр Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын үйл явц, тэндээс гаргасан шийдвэр, ойрын жилүүдэд хийхээр төлөвлөсөн бодлого, зорилтоо эхлээд танилцуулжээ.
Намын ээлжит Их хуралд 21 аймаг, есөн дүүргээс 2255 төлөөлөгч сонгогдон оролцож, тэндээс 597 гишүүнтэй Бага хурлыг байгуулсан, Бага хурлын анхдугаар хуралдаанаас 39 гишүүнтэй намын Удирдах зөвлөл, мөн орон тооны болон орон тооны бус найман Нарийн бичгийн даргыг сонгосон, түүнчлэн 27 гишүүнтэйгээр Хяналтын ерөнхий хороог шинэчлэн бүрдүүлсэн тухай товчхон мэдээлэл хүргэв. Бага хурал болон Удирдах зөвлөлийн гишүүдийн 40 хувийг эмэгтэйчүүдийн төлөөлөл бүрдүүлж буйгаараа онцлог гэдгийг ч дурдлаа.
Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал хэлэхдээ “Намын гишүүдийнхээ идэвх оролцоонд тулгуурласан, гишүүдээ сонсдог нээлттэй нам болгох санаачилгыг 31 дүгээр Их хурлын төлөөлөгчид уламжилсан. Их хурал маань эв эеийг бэхжүүлсэн, Ардын нам гишүүддээ эргэн ирэх зорилтыг дэвшүүлсэн “Эв нэгдэл-шийдэл-хөгжил” уриан дор болж өнгөрлөө.
Ард түмнээсээ алсарсан итгэлийг олж авчрах үүрэг хариуцлага намын шинэ дарга, удирдлагуудад оногдлоо. Хариуцлагатай цаг үед 31 дүгээр Их хурлаас намын даргаар сонгогдлоо. Миний өмнө том үүрэг хариуцлага ирсэн. Манай нам бол ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээс дээр оршдог. Манай нам үеэр нь, оноор нь, ахмад, залуугаар нь, бүлэг фракцаар нь хувааж тэмцэлддэг нам биш. Манай нам бол ахмад үеэ сонсдог, дунд үе нь ачаа үүрч, залуучуудаа дайчилж ажиллаж ирсэн. Тийм учраас бид ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээс дээр оршдог бодлогын уламжлалыг хослуулж, шинэчлэлийг хийдэг зарчмаасаа хэзээ ч ухарч болохгүй. Шинэ тутамд залуусыг намд элсүүлж авахдаа анхан шатнаас нь эхлэн бэлтгэдэг байсан. Тийм учраас цаашид намын даргын хувьд намын анхан шатны байгууллагад ажиллаагүй, намын ажил амьдрал мэдэхгүй хүмүүсийг жагсаалтад бичихгүй гэдгээ зоригтой хэлж байгаа” гэв.
Тэрбээр намын даргын хувьд "Гишүүн төвтэй E4" стратеги хэрэгжүүлэхээр танилцуулж байгаа бөгөөд товчилбол:
-Ил тод байдал, гүйцэтгэл, үр ашиг
-Ёс зүй, шударга байдал, хариуцлага
-Манлайлал, залгамж, оролцоо
-Эрх тэгш байдал, шударга ёс гэсэн үндсэн зорилтуудыг дэвшүүлснээ ахмадуудад танилцуулав.
Монгол Ардын намын дарга Н.Учрал өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргаар сонгогдоод хэлсэн үгэндээ парламентын төвшинд ч мөн дөрвөн зүйлийг зорьж ажиллана гэдгээ ахмадуудын уулзалтын үеэр хэлж байв.
Үүнд:
-Олон ургалч үзэл, мэргэжлийн мэтгэлцээний талбар байлгах
-Судалгаа, их өгөгдөл, шинжлэх ухаанд суурилсан, цаг үе, хэрэгцээ шаардлагадаа нийцсэн хууль, тогтоомж хэлэлцэн батлах
-Үндсэн хуулиа дээдлэн сахих, хууль дээдлэх, шударга ёс, ёс зүй, тэгш эрхийн зарчмыг УИХ өөрөөсөө эхлүүлэн үлгэрлэх
-Олон нийтэд илүү нээлттэй, ойрхон, ил тод, шилэн ардчилсан парламент болж төлөвших зэрэг дөрвөн зорилтыг УИХ-ын даргын хувьд баримтлан ажиллана гэдгээ хэллээ.
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооноос нийслэлийн гишүүн, дэмжигчдэдээ нийгэм, цаг үеийн бодит мэдээллийг өгөх зорилгоор УИХ, Засгийн газрын гишүүдийг оролцуулан зохион байгуулдаг уулзалтын энэ удаагийнх 19 дэх нь бөгөөд намын дарга Н.Учралтай хамт намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Б.Пүрэвдагва, Социал Демократ Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар оролцов.
Уулзалтад оролцсон ахмадуудын төлөөлөл Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учралд хандан асуулт тавихаас илүүтэй санал хүсэлт, шүүмжлэлийг хөндсөн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн үүрэг, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, 126 гишүүний тоог цөөлөх, гишүүдийн цалинг бууруулах, гишүүнээс буугаад авдаг тэтгэмжийг болиулах, УИХ-д нэр дэвшигчдэд тавих шалгуурыг өндөрсгөх, ахмадуудын тэтгэврийн доод болон дунд хэмжээг нэмэгдүүлэх, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд анхаарах зэрэг санал, хүсэлтийг хэлж байв.


Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.