Хэсэг зуурын жаргалын төлөө ханиа тарчлаасан гэргий торны цаана 10 жилийг өнгөрөөнө
Гэр бүлээс гадуурх харилцаанаас улбаатай эмгэнэлт хэргүүд ар араасаа олны анхааралд өртөж, нийгмийн сүлжээн дэх бүхнийг шүүдэг “их мэдэгчид” ам хэлээ билүүдэн талцацгааж байна. Гэр бүлийн маргаан, нууц амрагийн харилцаа эцэстээ хүний амь, эрүүл мэндийг хохироож, олон хүүхэд өнчрөл хагацал, хойт эцэг, эхийн гар харах амьдралд ч хүргэж буй билээ. Хамгийн сүүлд л гэхэд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүхийн гэр бүлийн хүчирхийлэл, түүнээс улбаалан хүүгийнх нь олон нийтийн сүлжээнд бичсэн зурвас, эхнэрийнх нь хийсэн хэвлэлийн бага хурал хүмүүсийн анхаарлыг татав.
Эвлэрүүлэн зуучлал нэрийн доор шүүхийн шийдвэрийг удаашруулдаг ажиллагааны явцаас болж нэгэн гэр бүлийн амьдралд тохиолдсон харамсалтай явдлыг хэрэг гарсан зургаа болон анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн есдүгээр сард олон нийтийн сүлжээнд бас л “дэнсэлсэн”.
Эдгээр хэрэгтэй адил олон нийтийн сүлжээнд цацагдсан, гэхдээ зөрүүтэй мэдээллийн улмаас шүүхийн эцсийн шийдвэрийг буруу нийтэлсэн нэгэн хэргийг уншигчдадаа сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэе.
“НӨХРӨӨСӨӨ САЛААД ӨӨР ХҮНТЭЙ СУУВАЛ НЭР МУУТАЙ БОЛООД ЗОГСОХГҮЙ ХӨРӨНГӨӨС НЬ АВЧ ЧАДАХГҮЙ”
Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэн Ч.Оюунтуяа, Б.Цэвээнпүрэв нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх өнгөрсөн сарын 8-нд эцэслэн шийдвэрлэж, шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Эл хоёр хүн тус сумын иргэн Г.Б-ыг хордуулж тарчлаан амийг нь хохироохыг завдсан хэрэгт холбогдсон юм.
Хар багаасаа нэг голд тоглож өссөн залуусын нэг нь эхнэр авч, Ч.Оюунтуяатай амьдралаа эхлүүлээд олон жилийг өнгөрөөж. Нөгөө нь гэргий буулгаж чадалгүй, ганц биеэр явсаар 40-өөд насны босгоор алхжээ. Г.Б-ынх дөрвөн ч хүүхдийн зулай үнэрлэсэн өнөр айл болж, найз Б.Цэвээнпүрэвийнхтэйгээ айл саахалт нутаглан, эргэх дөрвөн улиралд мал ахуйгаа эргүүлэн амьдарцгаадаг аж.
Ийн хорвоогийн шар нар, бор хоногийг өнгөрөөж байхдаа найз Б.Цэвээнпүрэв нь айлын эхнэр Ч.Оюунтуяатай эр, эмийн харилцаатай болсныг авааль нөхөр Г.Б нь мэдэлгүй олон жилийг өнгөрөөсөн юм байна. Улмаар нийлж сууя гэдэгтээ тулж л дээ.
Энэ талаараа Б.Цэвээнпүрэв мэдүүлэгтээ “Бид хайр сэтгэлийн холбоотой бөгөөд би Ч.Оюунтуяаг нөхөр Г.Б-аас салчих. Хоёулаа хамт амьдаръя гэж хэд хэдэн удаа хэлж байсан. Тэгэхэд миний хайртай хүн болох Ч.Оюунтуяа “Нөхрөөсөө салаад өөр хүнтэй суусан гэж нутаг усны хүмүүст нэр муутай болчихно. Бас салчихвал байгаа хөрөнгөөс нь авч чадахгүй” гэж хэлээд нөхрөөсөө салдаггүй байсан.
Бид хайр сэтгэл, эр, эмийн дотно харилцаа үүсгээд ойролцоогоор 10 гаруй жилийн хугацаа өнгөрч байна. Ч.Оюунтуяатай сардаа ганц удаа уулзаад, ихэвчлэн гар утсаар харилцдаг, чаталдаг, ярьдаг байсан юм. Намайг ашиглаж, өөрөөсөө холдуулахгүйн тулд худлаа, үнэн хэлдэг болсон. Надтай ханилж сууна гэдэг нэрээр олон жил хуурч явсан, одоо хамгийн сүүлд хэрэгт оруулаад намайг ашиглаад дуусаж байна. Өөрөөр хэлбэл, “Би чамд хайртай. Надаас битгий холд” гээд явуулдаггүй. Салаад хүрээд ир гэхээр “Үгүй, нутаг усны хүмүүс муу хэлнэ” гэдэг байсан” хэмээн мэдүүлэг өгсөн байв.
ӨӨРИЙГ НЬ ХӨНӨӨХ ТАЛААР ЯРИЛЦАЖ БАЙХЫГ СОНССОН Ч АЖИГГҮЙТСЭНЭЭС АМИА АЛДАХ ШАХАВ
Г.Б нь Ч.Оюунтуяатай ханилаад 17 жил болж, 10-16 насны дөрвөн хүүхэдтэй болжээ. 2023 оны хаврын нэг өдөр сумын төв ороод нэлээд орой болсон хойно буцаж ирэхдээ эхнэр нь багын найзтай нь гэртээ хамт байхыг анх мэдсэн аж. Тэд ч “Анх удаагаа ийм явдал боллоо” хэмээн Г.Б-д ойлгуулж, найз нь уучлал гуйгаад явжээ. Түүнээс хойш Б.Цэвээнпүрэв урьдын адил найз нөхдийн харилцаатай, бие биенийхээрээ орж гардаг, хааяа лонх хатуу дарсны бөглөө хамт мултлах тохиолдол ч бишгүй л байсан гэнэ. Эхнэрээ багын найзтай нь харилцаатай болсныг дээрх байдлаар мэдсэн ч түүнээс хойш Г.Б ажиг сэрэггүй байснаар амиа алдах шахаж. Уг нь түүнийг хорлох гэж байгаа талаар эхнэр нь нэг хүнтэй утсаар ярилцаж байхыг Г.Б сонссон юм байна.
Хохирогч Г.Б мэдүүлэгтээ “2023 оны есдүгээр сарын сүүлчээр манайх намаржаандаа байхад эхнэр маань нэгэн хүнтэй утасныхаа чанга яригч дээр тавиад ярилцсан.
Би тухайн үед гэрийн гадна мотоциклоо засаад сууж байсан юм. Эхнэр ч намайг хонинд явсан гэж бодсон бололтой байсан. Энэ үед цаадах хүн нь “Танай нөхрийг алмаар байна. Хулганын хор өгөөд алчихъя” гэсэн. Тэгэхэд эхнэр “Манай хүн юмны амтыг сайн мэддэг, яаж өгч болдог юм” гээд утсаа тасалсан.
Тэр дор нь гэрт ороод эхнэрээс “Хэн намайг ална гээд байгаа юм бэ” гэхэд “Б.Цэвээнпүрэвтэй утсаар ярьсан. Би юу гэж нөхрөө хөнөөх вэ, олон жил ханилчихаад юу гэж ингэдэг юм” гэж хэлээд намайг үнссэн” гэж өгүүлсэн байна. Г.Б эхнэрээ ийнхүү өөр хүнтэй дотно харилцаатай болсныг мэдсэн ч дөрвөн хүүхдээ мэдчих вий, хүүхдүүдээ өнчрүүлэхгүй гэж бодон дуугүй өнгөрөөсөн бололтой.
ХОРТОЙ АРХИ, УНДАА УУСАН Ч АМЬД ҮЛДЭВ
Үүнээс хойш нэг жил өнгөрсний дараа буюу 2024 оны есдүгээр сарын нэгэн өдөр Г.Б-ын хамраас гэнэт цус гарч, огт тогтохгүй байснаас гадна улаан хүрэн зүйлээр бөөлжсөн тул сумынхаа эмчид ханджээ. Эмч ирээд анхны тусламж үзүүлээд өөр яаралтай дуудлагад явсан гэнэ. Ингэхдээ цус тогтоох тарилга үлдээжээ. Түүнийг нь ахаараа тариулаад, маргааш нь сумын эмч аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна. Аймагтай найм хоног эмчилгээ хийлгээд дээрдэхгүй байсан тул Улаанбаатар руу явж, УНТЭ болон Цэргийн төв эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлснээр бие нь сайжирчээ.
Хохирогч Г.Б “Надад ямар нэг суурь өвчин, эмгэг байгаагүй. Аймгийн эмнэлэгт хэвтэхэд миний хамраас цус гараад тогтохгүй, амаар гараад болохгүй байсан. Аймгийн нэгдсэн эмнэлэгт 10 хоноод гарсан. Ингэж гараад гэртээ очоод удалгүй дахиад цус гараад, цус тогтоох тариа хийлгэж байж гайгүй болсон. Тиймээс Улаанбаатар хот руу яаралтай явж үзүүлэн, шинжилгээ хийлгэсэн.
Эмчилж байсан эмч минь хүртэл цус тогтоох тариа хийчихээд байхад дахиад цус гараад байгааг гайхсан. Хотод очоод эмнэлэгт 7-10 хоносон. Хотод эмнэлэгт хэвтэж байтал дүү минь “Эхнэр чинь хулганын хор өгсөн байна. Тарианд хийж өгчээ” гэж надад хэлсэн. Би Ч.Оюунтуяа, Б.Цэвээнпүрэв нарыг надад хулганын хор, уксус өгсөн гэдгийг мэдээгүй. Энэ хоёр хүнд үнэхээр гомдолтой байна. Малаа хариулаад явж байсан хүнийг энэ хоёр хүн хөнөөхөөр завдсан” хэмээн Увс аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үеэр мэдүүлжээ.
Харин Б.Цэвээнпүрэв “Би 2024 оны наймдугаар сарын дунд үед өөртөө гутал, дээл худалдаж авахаар аймгийн төв Улаангом сумд ирсэн юм. Тэгэхэд Ч.Оюунтуяа над руу утсаар залгаж, “Хоёулаа Г.Б-ыг нас барсны дараа хамт амьдаръя” гэж хэлээд хулганын хор, уксус (цууны хүчил) аваад ир. Би Г.Б-д өгч чадна” гэсэн. Би зөвшөөрч хоёр шил хулганын хор, нэг шил уксус авч, хүргэж өгсөн.
Ч.Оюунтуяа хоёр ундааны саванд хулганын хороо найруулчихсан. Нэгийг нь уулгасан, нөгөөг нь найруулаад гэрт тавьчихсан. Уксусыг архинд нэг удаа хийж өгсөн. Аймгийн эмнэлэгт байхад нь тарианд судсаар хийсэн гэж хэлсэн. Ч.Оюунтуяа над руу фэйсбүүкийн чатаар хулганын хор найруулсан ундаа, уксус хольсон архи, судсаар залгасан шингэнд уксус хольсон талаараа хэлж, зургийг нь явуулж байсан. Би өөр хүн харчих байх гэж бодоод уг зураг, чатыг устгасан. Ч.Оюунтуяа бид хоёроос өөр ямар нэгэн хүн мэдэхгүй. Тэрбээр 2024 он гарснаас хойш нөхрийнхөө амийг егүүтгэх талаар надад хэлдэг байсан. Би хулганын хор, уксусыг Г.Б-д өгөх гэж буйг мэдэж байсан. Би эхнэр хүүхэдгүй, урьд өмнө гэр бүл зохиож байгаагүй. Тиймээс хамт амьдрахын тулд Г.Б-д өгүүлэх зорилгоор хулганын хор, уксусыг Ч.Оюунтуяад өгсөн” гэж мэдүүлсэн байв.
Г.Б-ын дүү нар нь хадам эгчийнхээ хийсэн эл үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлж, гэрт нь үзлэг нэгжлэг хийгээд хатавчинд нь “Фанта” ундааны саванд хийсэн хулганын хор, оёдлын машин дотор нуусан уксус зэргийг эд мөрийн баримтаар хураан авчээ.
Эл хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Цэргийн төв эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн эмч “Тухайн хүн манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хордлого тайлах, цус бүлэгнэлтийн алдагдлыг засах, цус багадалтыг засах, эрхтэн систем хамгаалах эмийн болон хоол эмчилгээ хийлгэсэн. Bromadiolone гэх нэршилтэй буюу хулганын хор уусан хүн цус алдаж, амь насанд нь богино хугацаанд аюул учирч, цус алдсаны улмаас нас барж болно. Хулганын хор уусан хүний цусны бүлэгнэл алдагддаг. Г.Б-ын хувьд хамрын цус алдагдаж бие нь хүндэрч, эмнэлгийн анхан шатны тусламж хурдан түргэн аваагүй байсан бол нас барах байсан” хэмээсэн байв.
ЭХНЭР НЬ Б.ЦЭВЭЭНПҮРЭВЭЭС АЙЖ ЭНЭ БҮХНИЙГ ХИЙСЭН ГЭЖЭЭ
Тэгвэл Ч.Оюунтуяа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Бөхмөрөн сумд “Малчид дуулж байна” тэмцээнд оролцож байгаад явах унаагүй болсон. Энэ үед Б.Цэвээнпүрэв намайг мотоциклдоо суулгаж авч яваад хүчиндсэн. Тухайн үедээ надад хэцүү байсан. Г.Б болон хадмууддаа хэлэхээс айсан. Ийм явдал болсноос хойш би Г.Б-д хэлэх гээд хэлж чаддаггүй байсан. Тэр хулганын хорыг надад зургаадугаар сард Б.Цэвээнпүрэв авчирч өгсөн. Тэгээд танайд Г.Б-ын найзууд ирж байгаа биз дээ. Зуны амралтаар ирж байгаа тохиолдолд чи нөхөртөө архи илүү уулгаж байгаад хийгээд өгчих гэж хэлсэн. Би Б.Цэвээнпүрэвт итгүүлэхийн тулд худал хэлсэн. Түүнээс биш Г.Б-д хор өгөөгүй. Миний дөрвөн хүүхдийн эцэг, хань ижил гэж бодоод ингэж хийж байна гэж зургийг нь үзүүлээд л асгачихсан.
Б.Цэвээнпүрэв эмнэлэгт байхад хүртэл чатаар залгаж орж ирээд ямар эм тариа хийгдэж байна гэж асуусан. Би шингэн хийх гэж байна гэж хэлэхээр шингэнд нь бас аваад хийчихээрэй гээд над руу өөрөө утсаараа залгаад хэлэхээр нь итгүүлэхийн тулд би дэлгүүрээс авсан. Надаас болоод энэ хоёр залуу зодолдож, янз бүр болох вий гэж бодоод тэдний эрхшээлд орж байсан” гэсэн байна.
Харин гурван шатны шүүхийн шүүгч нар хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүгдийг нь хянаад Ч.Оюунтуяагийн дээрх мэдүүлэг нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад баримтаар нотлогдоогүй гэж дүгнэсэн юм.
Увс аймгийн прокурорын газраас Ч.Оюунтуяа, Б.Цэвээнпүрэв нарт холбогдох хэрэгт хяналт тавиад тэднийг үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн гэртээ нөхөр Г.Б-д 2024 оны есдүгээр сарын 6-нд ундаанд нь хулганын шингэн хор хийн өгсөн, мөн сарын 7-нд архинд хүнсний зориулалттай цууны хүчил хийж уулгасан, үүнийхээ дараа буюу есдүгээр сарын 11-24-ний хооронд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд нь сахиж байхдаа тарианы шингэнд нь хүнсний зориулалттай цууны хүчил хийн тариулж хөнөөхийг завдсан хэмээн Эрүүгийн хуулийн 10.1-2.11 дэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм. Увс аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх дээрх хоёр хүнд холбогдох хэргийг өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нд хэлэлцээд, бүлэглэж хүний амь хөнөөхийн завдсан гэм буруутайд тооцов.
Улмаар Ч.Оюунтуяад 13, Б.Цэвээнпүрэвт 12 жил хорих ял хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн аж. Хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн үндэслэлээ шүүх бүрэлдэхүүн “Шүүгдэгч нар гэр бүлээс гадуурх харилцааны улмаас нийгмийн үндсэн нэгж болох гэр бүлийн харилцааг хүнийг алах гэмт хэрэг үйлдэж тасалдуулахыг завдсан нь нийгмийн аюулын шинж чанар ихтэйгээс гадна тэдгээрийн хувийн байдлыг тодорхойлох нэг хүчин зүйл болно. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-4 дэх хэсгийн “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг баримтлан хаалттай хорих байгууллагад хорихоор болжээ.
Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээснийг Ч.Оюунтуяа, Б.Цэвээнпүрэв нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу Улсын дээд шүүх хянан хэлэлцсэн юм.
Улмаар шийтгэх тогтоолд “Ч.Оюунтуяаг бүлэглэж хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр оролцсон, Б.Цэвээнпүрэвийг уг гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай” гэсэн өөрчлөлт оруулснаас гадна Ч.Оюунтуяагийн ялыг 10, Б.Цэвээнпүрэвийнхийг есөн жил болгож бууруулжээ.
Сэтгэгдэл (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.