Бидэнд Уул уурхай металлургийн цогцолбортой болох заяа байна уу
Цаг цагаараа байдаггүй
Цахилдаг хөхөөрөө байдаггүй...
Идсэн эрүү хувхайрч
Идүүлсэн бут ургадаг...
Монгол ардын сургаалиас
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Л.Оюун-Эрдэнэ хувийн хэвшилд хууль бусаар шилжсэн гэх төрийн өмчүүдийг буцаан авах их кампанит ажил өрнүүлж, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг ард түмний гарт өглөө хэмээн сурталчилж байсан нь саяхан.
Энэхүү мэдээллийн шуурган дүнд ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэг гэдэг "мангас" байдаг, тэр хүн Монгол Улсын эзэн, бүх юмыг эрхшээсэн гэдэг дүр төрхтэй болчихоод байгаа билээ.
Гэтэл цаг цагаараа байдаггүй гэдэгчлэн зарим тоо баримтууд тодорч, үнэн мөн нь олдож эхэлж байна. Аливаа зүйлийг тал талаас нь харж, оюун дүгнэлт хийж байхгүй бол болохгүй болсон цаг.
Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн 400 сая доллараар авчирсан гэх “үлгэр” худал болох нь тодорч, төр буруугаа хүлээн, тал мөнгийг нь төлж барагдуулаад байгаа тухай хачин жигтэй зүйл сонсогдох нь тэр. 2025 оны хоёрдугаар сард тухайн үед Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан сэтгүүлчдэд “"Монголын зэс корпораци" нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг ОХУ-аас 400 сая ам.доллар төлж авчирсан байдаг. Засгийн газраас гарсан ажлын хэсэг үүний талыг нь төлсөн. Одоо үлдсэн 200 сая ам.долларыг хэрхэн төлөх вэ гэдэг дээр ажиллаж байна” хэмээн ам алдсан байх юм. Төрийн мөнгөөр төрийн өмчийг авчирлаа гээд онцгой байдал тогтоон, БЭТ томилж байгаагүй бил үү. Одоо харин, "төрийн 100 хувийн өмч" гэдэг төмөр хаалганы цаана чухам ямар найр болж байгааг мэдэх аргагүй болж дээ.
Яг үүнчлэн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн тухай шинэ баримтууд дэлгэгдэж, ард түмний тархийг хадны мангаагаар угаасан байж болзошгүй байна.
Концесс хэмээх нь луйвар уу?
Социализмын үед зөвлөлтийн мэргэжилтнүүд “Танайд хөнгөн үйлдвэр хөгжүүлнэ, хүнд үйлдвэр хөгжүүлэх хэрэггүй гэсэн” гэдэг яриа байдаг.
Энэ яриа ортой ч байсан уу, Ардчилсан хувьсгал ялсан 1990 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэр байгуулах шийдвэр гарч, 1993 оноос хайлуулах ажиллагаа эхэлжээ. Жилийн 100 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ирмүүн зорилготой байсан боловч эхний арван жилд хүчин чадлынхаа 10 хувьд хүрээгүй. Дахиад арван жил өнгөрч 2013 оныг хүргэсэн ч ажил нь алаг цоог байдалтай байжээ.
Иймд үйл ажиллагаа нь сайжруулах, байнгын санхүүгийн хүндрэлтэй байдлыг халах, төсөвт нэмэлт дарамт учруулахгүй байх, улсад өгөх өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор 1995 онд хувьчлах санал боловсруулж, 2005 онд олон улсын нээлттэй уралдаант шалгаруулалтаар хувьчлах УИХ-ын тогтоол гарч, 2009 онд төслийн хөрөнгө оруулагчийг шалгаруулжээ.
Тус үйлдвэрт хөрөнгө оруулахаар тухайн үед БНХАУ-ын хоёр компани болон БНСУ, БНЭУ, Австралиас гадна монголын аж ахуйн нэгж болох “Кью Эйс Си” өрсөлдсөн байна. Ажлын хэсгээс саналуудыг харьцуулж үзээд, “Кью Эйс Си” компани нь нэгт, үндэсний хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, хоёрт, үйлдвэрээс хувьцаа эзэмших саналгүй, гуравт, “Уул уурхайн металлургийн цогцолбор” төслийг хэрэгжүүлээд, 30 жилийн дараа төрд үнэгүй буцаан шилжүүлнэ гэж тусгасан нь хамгийн өндөр санал өгөхөд хүргэсэн гэжээ.
Гэтэл Л.Оюун-Эрдэнийн мэдээллийн кампанит ажлын үеэр “шинэ тулгар байгуулагдсан аж ахуйн нэгж байсан, цаасны компани байсан” хэмээн буруутгасан байдаг. Энэ тухай “Кью Эйс Си” компанийн захирал Э.Шижир “Туршлагагүй гэж ярих юм бол ер нь монголчууд бидэнд хүнд үйлдвэрийн туршлага байхгүй шүү дээ. Гэхдээ туршлагагүй гэдэг нь боломжгүй гэсэн үг биш. Шалгаруулалтад орсон цор ганц үндэсний компани учир шалгарууллаа гэж ажлын хэсгийн нэг гишүүн хэлж байсан. Бид ажил аваад найман жилийн дотор 630 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн” гэсэн юм.
Гангийн үйлдвэр бариагүй хэмээх буруутгал
Ерөнхий сайдаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ “Кью Эйс Си” компанийн концессийн гэрээг цуцлах болсон шалтгаанаа “Гангийн үйлдвэр бариагүй” хэмээн буруутгасан. Ингэж буруутгахдаа “Яагаад бариагүй вэ?” гэж асуухын оронд “АТГ-ын мөрдөгчийн дүгнэлтийг иш болгон цуцлах Засгийн газрын тогтоол гарлаа” хэмээн мэдэгдсэн байдаг.

“Кью Эйс Си” компанийн төлөөллийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ирэхэд 50 тэрбумын орлоготой, жилд 2-3 тэрбумын татвар төлдөг байгууллага байв. 93 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 20 орчим төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд Ерөө, Хүдэр чиглэлийн 95км авто зам, 50км ЦДАШ, 36.7км төмөр зам, нийт таван баяжуулах үйлдвэр, шанаган зуух барьж байгуулсан байдаг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, ТӨБЗГ, АМГТГ, Үндэсний хөгжлийн газар болон төрийн бус байгууллагуудын өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилтай 2019 онд нэр бүрчлэн танилцаад, “Кью Эйс Си” компанийн “Уул уурхай металлургийн цогцолбор” төслийн явц 75 хувьтай байна гэж дүгнэсэн байдаг. Тэр ч бүү хэл, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2020 онд Ерөнхий сайд байхдаа ДТҮ дээр концессийн гэрээ хэрэгжүүлэгч “Кью Эйс Си” компанийн үйлдвэртэй танилцаад, “Их ажил хийсэн байна. Цаашид улам эрчимжүүлэх ёстой. Хүндрэлтэй асуудлыг төр шийдэж өгнө” гэж мэдэгдэж байв
Гэвч, нэг л өдөр төр төмөр нүүрээ харуулав.
Гангийн үйлдвэр яагаад баригдаагүй тухайд, “Кью Эйс Си” компанийн захирал Э.Шижир “Гангийн үйлдвэр барихад цахилгааны асуудал үүссэн. Тухайн үед Багануур, Шивээ-Овоо, V цахилгаан станцуудыг төр барина гэж яригдаж байсан. Харамсалтай нь, эдгээр цахилгаан станцууд баригдаагүй. Иймд бид коксын үйлдвэр барьж гангаа хайлуулахаар тогтож, 2021 онд ТЭЗҮ-гээ батлуулан, 2022 оны хавар ажлаа хийхээр хүлээж байтал 2022 оны дөрөвдүгээр сард АТГ-ын нэг мөрдөгч хүрч ирэн мэдэгдэл хийснээр ажил бүрмөсөн зогссон байдаг” хэмээсэн юм.
Уг нь ажлыг нь ингэж зогсоогоогүй бол коксын үйлдвэр өнгөрсөн гурван жилийн хугацаанд аль хэдийн баригдаж, монголчууд гангийн үйлдвэртэй болчих байжээ.
1.8 их наядын алдагдал?
“Кью Эйс Си” компанийг буруутгасан бас нэгэн буруутгал нь “Төрд 1.8 их наядын алдагдал учруулсан” гэх сүржин мэдэгдэл.
Энэ тухайд тус компанийн захирал Э.Шижир “Ингэхдээ 2005-2021 оны нийт орлогыг нэмж 1.8 их наяд гэдэг тоо гаргаж ирээд л дайрчихсан. Төр ингэж мэдэгдчихээд хүн үнэмшинэ шүү дээ. Бид яаж ч чадаагүй. Одоо бол шүүх дээр ийм ямар ч баримт яригддаггүй” хэмээсэн юм.
“Кью Эйс Си” компанийн төлөөллийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ирэхэд 50 тэрбумын орлоготой, жилд 2-3 тэрбумын татвар төлдөг байгууллага байсан тухай дээр дурдсан. Концессийн гэрээ хэрэгжиж эхэлснээр зөвхөн 2021 оны орлого нь 400 орчим тэрбум төгрөг буюу найм дахин нэмэгдэж, 81.4 тэрбум төгрөгийн татвар төлдөг болсон байдаг.
“Кью Эйс Си” компанийн захирал Ж.Шижирт хандан тус үйлдвэрийн нэгэн ажилтан “Цалин цагтаа буудаг болсонд маш их баяртай байгаа” хэмээн талархал илэрхийлж байжээ. Байгуулагдаад 20 жил болохдоо цалин нь цагтаа буудаггүй, шар айргаар цалин мөнгөө тавьж байсан гашуун түүх байсан юм билээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.