Аварга, арслангуудыг давсан удамт бөх
О.Хангай аваргыг давхар тохож, Ц.Бямба-Отгон арсланг давхар ачсан сумын заан Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан “Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Дархан аварга Н.Батсууриар манлайлуулсан 128 бөх уран мэхийг уралдуулж, улсын арслан Э.Батмагнай түрүүлсэн юм. Харин улсын заан С.Сүхбат хоёр дахиа үзүүрлэлээ. Тэрээр өнгөрсөн жил мөн улсын харцага Э.Даштай үзүүр түрүү булаалдаж байв.
Аварга, арслан, заануудын магнайн чимэг гялалзаж, хүчит бөхчүүдийн сүр жавхаа, түмэн олны уухайн түрлэгээр Бөхийн өргөө дүүрч, нэгийн даваа эхлэхэд хоёр сумын заан зодоглосон юм. Бөх сонирхогчид түрүү бөхийн таамагт барилдааныг нь үзэх дуртай эсвэл уран хурц мэхтэй улсын том цолтой бөхчүүдийг нэрлэх нь элбэг.
Тэгвэл энэ удаа бөх хүн бүдүүн өвсөнд гэгчээр таамаг зөрж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат сумын заан М.Мандахбаяр Дархан аварга Н.Батсуурийг, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат сумын заан Д.Мөнхтулга О.Хангай аваргыг өвдөг шороодуулсан юм. М.Мандахбаяр энэ оны есдүгээр сард Сумын заан болон залуу бөхчүүдийн барилдаанд түрүүлж, манай сонины “Дугаарын зочин”-оор уригдаж байв. Харин Д.Мөнхтулгын хувьд сумын заан цолоо хоёр ч баталчихсан, 2001 оны залуу бөх юм. Түүнчлэн өв тээсэн бөхийн удам аж.
Улсын харцага М.Дармаабазарын хөвгүүд
О.Хангай аваргыг давхар тохож, Э.Оюунболд арслангийн тахимдах мэхнээс үлдэж, Ц.Бямба-Отгон арсланг давхар ачиж бөх сонирхогчдыг суудал дээр нь өндөлзүүлж, шуугиан тарьсан тэрээр дөрвийн даваанд Ц.Содномдорж арсланд унаж, элэг бүсээ тайлав.
Энэ оны гуравдугаар сард Сумын заан болон залуу бөхчүүдийн барилдааны шөвгийн дөрөвт үлдэж байсан тэрээр үндэсний бөхөөс гадна жүдо, самбо бөхөөр хичээллэдэг бөгөөд өнгөрсөн жилийн Самбо бөхийн улсын аварга юм.
Цаашлаад өнгөрсөн жил Эрдэнэт хотод болсон буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн "УАШТ"-ний -100 кг жинд мөнгөн медалийг зүүсэн билээ. Түүнчлэн 16 насандаа үндэсний бөхийн улсын аварга болж байсан тэрээр улсын харцага М.Дармаабазарын хүү юм.
Хутагт хувилгаадын өлгий нутаг хэмээгддэг Завхан аймаг улсын аварга С.Шагж тэргүүтэй хүчтэнүүдтэй. Харин Эрдэнэхангай сумаас төрсөн гурав дахь улсын цолтон нь М.Дармаабазар билээ. Тэрээр 1992 оны Ардын хувьсгалын 71 жилийн ойн үндэсний их баяр наадмаар улсын заан Ж.Ганболдоор зургаа даван дунд шөвөгт Дархан аварга Б.Бат-Эрдэнэд унаж улсын өсөх идэр начин цолтон болжээ. Харин 2004 онд Ерөнхийлөгчийн зарлигаар улсын харцага цол хүртэж байсан тэрээр удам залгасан сайхан хөвгүүддээ бөхийн ур ухаанаа өвлүүлжээ.
Д.Мөнхтулгын дүү Д.Нарантулга нь үндэсний бөхийн өсвөрийн улсын аваргад хэдэнтээ түрүүлсэн сумын заан юм. 17 насандаа Завхан аймгийн Завханмандал суманд начин, удаах жил нь Улиастай суманд заан цолны болзол хангажээ. Сумын заан болон залуу бөхчүүдийн барилдаанд мөн удаа дараа шөвгөрсөн өсөж яваа залуу бөх билээ.
Сайн хүний үр, сүүт гүүний унага хол явах учиртай.
П.Лхагважаргал
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2025 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 222 (7719)
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.