Томуугийн шинжилгээ болон эмчилгээний зардлыг бүрэн даатгалд хамруулахыг судална
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан өнөөдөр (2025.11.22) БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт ажиллажээ.
Баянзүрх дүүрэг 430 гаруй мянган хүн амтай. Нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 85 хувь нь хүүхэд байна. Өнөөдрийн байдлаар 252 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт өнгөрсөн шөнө 417 хүүхэд иржээ. Хоногт 240 гаруй хүүхэд ирдэг байсан бол сүүлийн 24 цагт ачаалал хоёр дахин нэмэгдсэн учир эмч, ажилчдын тоог 2-4 дахин нэмэгдүүлжээ.
48 цагийн дотор ачаалал багатай эмнэлгүүдээс эмч нарыг дайчлах, АШУҮИС-тай хамтарч, резидент эмч нарыг нэмэлтээр ажиллуулахыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болгожээ. Мөн амбулатори дотор тусгай түр өрөө нээж, зөвхөн хүүхдүүдэд үйлчлэх зэргээр ээлжийн зохицуулалтыг шуурхай хийж ажиллахыг сануулав.
Түүнчлэн ханиад, томуугийн шинжилгээ болон эмчилгээний зардлыг бүрэн даатгалд хамруулах асуудлыг судлан танилцуулахыг холбогдох албаныханд даалгажээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.