🔴Ч.Ундрам: Л.Ганбаатар миний биe төлөөлөгч байсан нь үнэн. Гэхдээ тэр томилгоонд оролцоогүй

AI хөрвүүлсэн

Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-д улс төрийн томилгоогоор мэргэжлийн бус хүмүүсийг томилж байгааг үйлдвэрийн ажилчид эсэргүүцэж эхэлсэн билээ. Тус компанийг тойрсон асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас тодрууллаа.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: 

-Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-ийн үйл ажиллагаа нь сүүлийн хоёр, гурван жил доголдоод, санхүүгийн маш хүнд нөхцөл байдалтай байгааг Үндэсний аудитын газрын тайлангаас УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн. Өмнө нь ажиллаж байсан захирал нь хоёр удаа "Сөрөг" дүгнэлт авсан. Хуулийн дагуу "Сөрөг" дүгнэлт авсан захирлыг халж явуулах ёстой байтал харин ч жинхэлсэн байсан. Сүүлд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдоод, нэлээн хэдэн алба хаагч АТГ-т яллагдагчаар татагдаад, зарим нь хоригдоод, асуудагдаад явж байгаа гэх мэдээлэл авсан.

Хоёр ч удаа аудитын "Сөрөг" дүгнэлт аваад, элгээрээ хэвтээд, цалингаа тавьж чадахгүй байхад нь дотор нь ажиллаж байсан нөхдүүд юу ч яриагүй. Гэтэл одоо ямар улс төрийн зорилго, шалтгаанаар ярьж байгааг би сайн мэдэхгүй байна. Хөтөлийн "Цемент шохой"-н удирдлагыг "Эрдэнэс Монгол" компани болон Төрийн өмчийн хорооноос байгуулсан Удирдах зөвлөл сонгон шалгаруулалт хийж, томилдог. Сонгон шалгаруулалтаа удахгүй хийнэ.

Сэлэнгэ аймаг 17 сум, зургаан тосгонтой. Энэ бүх 23 нэгж дээр би хоёр жилийн турш хөдөлмөрийн гэрээгээр бие төлөөлөгч ажиллуулж байсан. Эдгээр хөдөлмөрийн гэрээ дуусаад жил гаруй болчихсон байгаа. Тэрний нэг болох Сайхан сум дээр "Цемент шохой" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Л.Ганбаатар миний бие төлөөлөгчөөр ажиллаж байсан. Өмнө нь барилгын болон уул уурхайн компаниудад олон жил ажилласан. Мөн аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч, сумын намын даргаар ч гэсэн ажиллаж байсан тул удирдах түвшний ажил хийж байсан, инженер мэргэжилтэй, дээд боловсролтой хүн. Тэгэхээр анх удаа Хөтөлийн "Цемент шохой"-н түр орлон гүйцэтгэх албыг тухайн нутгийн унаган хүн нь хашиж байна гэсэн үг. Би бол тэгж л харж байгаа. Тэрнээс биш, би томилуулсан асуудал байхгүй. Удирдах зөвлөлийн шалгуурыг хангаад л, түр томилогдсон байх. Удахгүй жинхэнэ сонгон шалгаруулалт нь зарлагдаад, хүнийг нь сонгоод тавих байлгүй.

Одоо ингээд өчнөөн өр ширтэй болчихсон, баахан өр авлага үүсчихсэн компанийг шууд хувьчлахад хэцүү. Тэрийг хэн ч авахгүй. Тийм учраас энэ компанийг босгож ирээд, зүй ёсны аудитын дүгнэлт гаргуулаад, олон нийтийн хувьцаат компани болгох боломжтой гэлээ.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 9 минут өмнө
Пээ ямар худалч вээ, жинхэнэ нөлөөлж байгаа биздээ. Өмнө нь ажилчид нь дампуурч байгааг яриад байхад өөрийн цүнх баригчаа зүтгүүлээд гацаасан хүн ш дээ. Ер нь гишүүнд төрийн өмчит компани ямар ч хамаагүй баймаар юм.