🔴Б.Жаргалан: Халзан бүрэгтэй төслийн сонсголын дүгнэлттэй танилцсан. Иргэдийг мэдээлэлжүүлэх шаардлага байна

AI хөрвүүлсэн

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2025.11.20) хамтран хуралдаж, “Халзан бүрэгтэй”-н орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдвээр зохион байгуулсан ерөнхий хяналтын сонсголын тайланг сонслоо. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Өнөөдрийн хурлаар гишүүдийн хэлсэн үг, саналууд болон тайлангийн дүгнэлттэй холбоотойгоор цаашид чухал ашигт малтмалын ашиглалтын талаар төрийн бодлогыг оновчтой болгох нь зөв гэсэн асуудал дэвшүүлсэн. Энэ чиглэлээр тодорхой санал санаачилгууд гарч байгаа. 

Мөн иргэдэд ил тод, нээлттэй мэдээлэл өгөх нь маш чухал байна. Учир нь, иргэд мэдээлэлгүй, мөн үл ойлголцлын улмаас төслийн талаар буруу ойлголт авч байна. Жишээлбэл, цацраг идэвхтэй гэх ойлголт тархсан ч тэр нь шинжээч нарын дүгнэлтээр няцаагдсан. Тиймээс цаашид иргэддээ нээлттэй, ил тод мэдээлэл өгөөд, дээрээс нь чухал ашигт малтмалын салбарын талаарх бодлогоо УИХ, Засгийн газар ярилцаад, илүү тодорхой бодлоготойгоор иргэдээ мэдээлэлжүүлж ажиллах нь зүйтэй.

Цаашид зөвхөн газрын ховор элементээс гадна ашиглалт болон хайгуулын зөвшөөрлийн эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох, давхардлуудыг арилгах, захиргааны байгууллагуудын хариуцах эрх үүргийг илүү ойлгомжтой болгох зэрэг асуудлууд зүй ёсоор тавигдаж байгаа гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.