🔴Н.Учрал: УИХ-ын даргын хувиар зөвд зөөлөн, бурууд хатуу байж, Засгийн газарт дэмжлэг үзүүлж ажиллана
Монгол Улсын Их Хурлын өнөөдрийн ээлжит чуулганаар МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцэж, санал хураалтад 97 гишүүн оролцсоноос 80 гишүүн дэмжсэнээр түүнийг албан ёсоор томиллоо.
УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал:
-Үндсэн хуулиа дээдлэн сахиж, хууль дээдлэх, шүүхийн өмнө бүх хүн тэгш байх зарчмыг удирдлагаа болгоно. Их Хуралд олон намын төлөөлөл бий. Тэгэхээр эрх баригч намын даргын хувиар биш, парламентын даргын хувиар улс төрийн нам, эвслүүдэд хүндэтгэлтэй хандаж, Их Хурлын гишүүдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хууль санаачлах эрхийг үргэлж хүндэтгэнэ.
Монгол Улсын Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг Их Хурлаар баталсан гүйцэтгэлд хяналт тавина. Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг ард түмэнд илүү ээлтэй шийдвэр гаргах чиглэлээр шахаж шаардана. Энэ ажлыг ирэх долоо хоногоос эхлүүлнэ.
Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 24 сараас 36 сар болгох шаардлагыг иргэд тавьж байгаа. Үүн дээр судалгаа хийсэн, ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Хувийн ААН, бизнес эрхлэгчдэд эргэн нийцүүлэх зорилготойгоор хаалга нээх хамтын ажиллагааг дэмжинэ. Төр, хувийн хэвшилтэй бизнес хийх боломж бүрдүүлж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд парламент манлайлал үзүүлнэ.
1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш олонх бүрдүүлсэн нам, эвсэл Их Хурлын даргыг танилцуулаад, олонхын саналаар шийдвэрлэж ирсэн. Одоогийн хуулийн дагуу, манай олонх бүрдүүлж буй МАН Удирдах зөвлөлөөрөө хэлэлцэж, улс төрийн шийдвэр гаргаад, олонхоороо нэр дэвшүүлж, Их Хуралд танилцуулсан. Өнгөрсөн хугацаанд намын даргаар ажиллаж байсан хүмүүс УИХ-ын даргаар ажилласан тохиолдол олон бий. Гол нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд хяналт тавьж, шахаж шаардаж, Үндсэн хуулиа дээдлэн, гишүүдийн үүрэг, оролцоог нээлттэй дэмжиж, хүндэтгэлтэй хандах ёстой.
Би эрх баригч намын дарга хэдий ч, одоо парламентын дарга болж байгаа учраас улс төрийн эрх мэдлийн хувьд Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд илүү шахалт өгч, шаардаж, хурдтай, бүтээмжтэй ажиллах дээр үнэлгээ дүгнэлт өгөх үүрэгтэй. Парламентын зүгээс хууль тогтоомжийн хэрэгжилтийг шахна. Улс төрийн эрх мэдэл, парламентын чиг үүргийг хэрэгжүүлж, Засгийн газартай хамтарч ажиллана.
2028, 2032 онд олонх болсон ч зөвшилцлийн хамтарсан Засгийн газар байгуулна. Энэ нь Засгийн газрыг тогтвортой ажиллуулахад тусална. Үүн дээр хатуу зохицуулалтаас илүүтэй, улс төрийн намууд дотооддоо асуудлаа ярилцаж, шийдвэрлэх нь зохимжтой. Парламентын шинэ даргын хувьд, цөөнхийн улс төрийн намуудын Их Хурлын гишүүдийн хууль санаачлах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандана.
Их Хурлын даргын хувиар зөвд зөөлөн, бурууд хатуу, шаардлагаа тавиад, зөв зүйлийг хурдан хугацаанд бүтээмжтэй гаргахын тулд дэмжлэг үзүүлж ажиллана. Төрийн ажлыг тогтвортой байгаасай гэж ард түмэн хүсэж байна. Тиймээс тогтвортой байлгахад онцгой анхаарна. Ингэж байж хөрөнгө оруулалтын орчин сайжирна. Дэлхийн дэг журам өөрчлөгдөж байгаа цаг үед бид тогтвортой ажиллах ёстой. Өнгөрсөн цаг хугацааны улс төржилт, нам дотор үүссэн асуудлуудыг намын хурлаар шийдвэрлэн. Хуулийн дагуу, энэ танхимаас шударга ёс эхлэх ёстой, хуулийн зөв засаглал бий болох ёстой, ёс зүй ярих ёстой гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.