Халзан бүрэгтэй ордын хайгуулын ажлыг үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн дүгнэжээ

Халзан бүрэгтэй ордын хайгуулын ажлыг үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн дүгнэжээ

Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт байрлах Халзан бүрэгтэй ордыг ашиглах эсэхтэй холбоотой маргаан жил дамнаж байгаа билээ. Энэхүү маргааны хайныг хагалахаар нэр бүхий гишүүд хүсэлт гаргаснаар 2025 оны есдүгээр сарын 23-ны өдөр Төрийн ордонд сонсгол зохион байгуулсныг МҮОНТВ-ээр шууд дамжуулсан. 

Сонсголын дагуу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан тайлан есдүгээр сарын 30-нд гарсныг өнөөдөр дахин авч хэлэлцлээ.

Ийнхүү Монгол Улсын төр газрын ховор элементийн төслүүдээ хөдөлгөх нь зүйтэй хэмээн үзлээ. Үүний эхлэл болгож “Халзан бүрэгтэй” төсөлд зөвшөөрөл олголоо. 

“Халзан бүрэгтэй”-н сонсголд төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн иргэд, төсөл хэрэгжүүлэгч компанийн төлөөлөл гээд нийт 132 хүн оролцсон. Цахимаар 17 иргэн саналаа ирүүлж, заалнаас 19, нийт 60 иргэн үг хэлсэн байдаг. Б.Баярбаатар, Б.Бат-Эрдэнэ нарын 13 гишүүн оролцсон.

Ингээд дүгнэсэн нь, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичигт “Газрын ховор элементийн хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлнэ” гэж заасан. Халзан бүрэгтэй орд нь ураны орд биш, газрын ховор элементийн орд бөгөөд ашиглалтад бэлтгэгдэж байгаа Монгол Улсын анхны төсөл юм. Тус ордод диспрози, терби, ниодим, паразиоди гэх дөрвөн тогтмол соронзонгийн түүхий эд газрын ховор элемент агуулагддаг бөгөөд эдгээр нь ерөөсөө цацраг идэвхгүй.

Тус элементүүдээр нийлмэл исэл үйлдвэрлэх нь өндөр ач холбогдолтой. Тус ордод агуулагдах уран 0.009 хувь байгаа нь Монгол Улсын бусад газрын ховор элементийн ордуудаас бага үзүүлэлт.

Өмнөх жилүүдэд ордыг ашиглаагүй, хөрс хөндөгдөөгүй, зөвхөн хайгуул судалгааны ажил хийж, нөөцийг нэмэгдүүлэх, боловсруулалтын аргыг судлах үйл ажиллагаа явагдаж байгаа.

876e98a1dda046d58898c0784f13643c

Мянгад суманд төрсөн гажигтай төлүүдэд хийсэн Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээ дүгнэлтээр цацрагийн хордлого илрээгүй. Хайгуулын шатанд усны нөөц болон чанарт онц ноцтой хохирол учруулсан гэсэн нь шинжээчийн дүгнэлт болон төрийн байгууллагаас өгсөн мэдээллээр нотлогдоогүй. Орон нутгийн иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудаас гаргасан гомдлыг тодруулахад тухайн гомдлуудад дурдсан нөхцөл үндэслэл муутай, нотлогдоогүй гэжээ.

Иймд газрын ховор элементийн хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх, хайгуул судалгааны ажлыг үргэлжүүлэх, нөөцийг бүрэн тогтоох, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг шинжлэх ухаанч байдлаар тодорхойлох нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.