Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар С.Баатарсүрэнг томилжээ

Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар С.Баатарсүрэнг томилжээ

Хөгжлийн банкны ТУЗ-ийн өнөөдөр /2025.11.19/-ийн хурлаар С.Баатарсүрэнг Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар томилжээ.

С.Баатарсүрэн нь эдийн засагч мэргэжилтэй. СЭЗИС-ийг бизнесийн эдийн засгийн бакалавр, АНУ-ын Калифорни мужийн их сургуулийг санхүүгийн удирдлагын магистр зэрэгтэйгээр төгсчээ. Тус албан тушаалд томилогдохоосоо өмнө Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байжээ. 

С.Баатарсүрэн нь “Зоос” банкинд эрсдэлийн шинжээч, ахлах шинжээч, Монголбанканд хянан шалгагч, “Хадгаламж” банкны эрх хүлээн авах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Хөгжлийн банкинд хэлтсийн захирал, Хадгаламжийн даатгалын корпорацид Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллахын зэрэгцээ Олон Улсын хадгаламжийн даатгагчдын холбооны Евро-Азийн бүсийн хорооны тэргүүн, Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүний албыг хашжээ. 

Монгол Улсын Хөгжлийн банкны урт хугацаат эх үүсвэрийн бүтцийг сайжруулах замаар урт хугацаат эх үүсвэр, гадаад өрийн удирдлагыг үр ашигтай хэрэгжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг тогтвортой эх үүсвэрээр хангах, байгууллагын засаглал, үр ашгийг дээшлүүлэх шаардлага үүсээд байгаа юм.

Иймд С.Баатарсүрэнг үүнд нийцэж, дээрх шаардлагыг хангаж ажиллах бүрэн чадвартай гэж үзсэн тул ийнхүү Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар томилж буйг тус банкны ТУЗ-өөс онцлов. Тодруулбал, С.Баатарсүрэн Монгол Улсын банк, санхүүгийн салбарт 2007 оноос хойш тасралтгүй 18 жил ажиллахдаа долоон жилд нь удирдах албан тушаал хашсан. Ингэхдээ, банк санхүүгийн салбарын бодлого боловсруулахад өөрийн хувь нэмрээ оруулж банкны хяналт шалгалт хэрэгжүүлэх, эрсдэлийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн хүн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.