🔴Н.Учрал: Засгийн газрыг тогтвортой ажиллуулна

AI хөрвүүлсэн

МАН-ын 31 дүгээр Их Хурлын талаар МАН-ын дарга Н.Учрал, МАН-ын ЕНБД Я.Содбаатар нар мэдээлэл хийлээ.

МАН-ын дарга Н.Учрал:

-31 дүгээр Их Хуралд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 гаруй сумаас сонгогдсон 2255 төлөөлөгч оролцож, намын Бага хурлыг 597 гишүүнтэй байгуулж, Бага хурлын анхдугаар хуралдааныг зохион байгуулсан. Энэ үеэр МАН-ын ЕНБД-аар Я.Содбаатарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэж, 39 гишүүний төлөөлөлтэй Удирдах зөвлөлийг байгуулсан. Мөн орон тооны тав, орон тооны бус гурван Нарийн бичгийн даргыг томилсон.

Намын даргад өрсөлдөхдөө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Удирдах зөвлөлийн анхны хурлаас гишүүдийн ёс зүй, сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр гишүүдийг оноожуулах журам, идэвх оролцоог үнэлэх журмыг батлуулахаар бэлтгэж байна. Мөрийн хөтөлбөрийг үнэлдэг, дүгнэдэг, тайлагнадаг байнгын хороодыг байгуулж, 2024 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө улирал тутамд тайлагнаж эхэлнэ. Бүс болгоны төлөөлөл болсон Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосонтой адил бүсийн зөвлөлүүдийг байгуулж, бүс болгон дээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд, намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилго зорилтуудаа тайлагнаж, үнэлгээ дүгнэлт өгдөг тогтолцоо руу шилжинэ.

Өнгөрсөн дөрвөн сар гаруй хугацаанд экспортыг 1.7 дахин нэмэгдүүлж, валютын нөөцийг хадгалж, зээлжих зэрэглэл ахисан зэрэг эдийн засгийн хувьд тоогоор илэрхийлэгдэх сайн үзүүлэлтүүд гарч байна. Засгийн газрын авлигатай тэмцэж байгаа, уул уурхайн салбарын ил тод байдлыг хангуулах чиглэлээр ажиллаж байгаа бодлого, үйл ажиллагааг намын даргын хувиар бүрэн дэмжинэ.

Намын асуудал бол намын асуудал, Засгийн газрын асуудал бол тусдаа асуудал. Засгийн газрын тэргүүн Шадар сайдын хувьд Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хадгалж, хамгаалж, мөрийн хөтөлбөрийг үнэлж, дүгнэж, биелүүлэхгүй байгаа салбаруудад хяналт тавьж ажиллана.

УИХ-ын даргад хэнийг дэвшүүлэх нь намын дотоод асуудал бөгөөд олонхоороо шийдвэрлэнэ. Б.Энхбаяр сайдыг буцааж намд авах эсэх асуудлыг МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж шийднэ. Би намын даргын хувьд ХЕХ-нд чиглэл өгөх, нөлөөлөх боломжгүй гэв.

МАН-ын ЕНБД Я.Содбаатар:

-МАН-ын Бага хурлын бүрэлдэхүүнд зөвхөн МАН-ын гишүүд орно. Ерөнхийлөгчийн Тамгын газрын улс төрийн албан тушаалтнууд Бага хурлын гишүүн байсаар ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч улс төрийн намын дотоод үйл ажиллагаанд оролцохгүй.

МАН парламентад олонхын саналыг авсан тул УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ. Удахгүй УИХ-ын даргын асуудлыг шийдвэрлэж, төрийг бүтэн болгоно. Намын дүрэмд заасны дагуу Хяналтын ерөнхий хороо ёс зүйтэй, хариуцлагатай асуудлуудыг хөндөж, холбогдох шийдвэрүүдийг бие даасан, хараат бусаар гаргана гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.