Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхжээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг дурдсан байна. Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх, улс төрийн харилцан итгэлцсэн харилцааг улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа мөн илэрхийлжээ.
 
Ерөнхийлөгч В.В.Путин хоёр улсын дээд, өндөр түвшний уулзалт, харилцан айлчлал идэвхтэй өрнөж, Монгол, Оросын төрийн тэргүүн нарын ярьж тохирсон зүйлс бодит ажил хэрэг болон хэрэгжиж байна гэж онцолсон байна. Түүнчлэн Монгол Улсын газар нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төсөл, “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар онцгойлон анхаарч, нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн юм.
 
2026 онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр хоёр тал харилцан тохиров.
Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн 9 дүгээр сард Дорнын эдийн засгийн 10 дугаар чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхсан бол мягмар гарагт (2025.11.18) ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэр дахин бараалхлаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.