Н.Учрал: Амжилт, ялалтын төлөө хамтдаа хичээцгээе
Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал 2025 оны 11-р сарын 15-17-ны өдрүүдэд болж өндөрлөв. Энэ удаагийн Их хуралд намын анхан шатны нэгжээс сонгогдсон, мөн ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, оюутны холбоо зэрэг дэргэдэх төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн нийт 2255 төлөөлөгч сонгогдсон юм.
Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын эхний өдөр намын даргаар УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг хуралд оролцсон нийт төлөөлөгчийн 94.95 хувийн саналаар сонгогдов.
Их хурлын хоёр дахь өдрийн хуралдаанаар намын хичээн эрмэлзэх зүйл буюу хөтөлбөр, Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн үндсэн дүрэмд орох өөрчлөлтийг төлөөлөгчид тал бүрээс нь хэлэлцэн баталлаа. Намын үндсэн дүрэмд 44 заалт шинээр нэмж, 57 заалтыг өөрчлөн найруулж, есөн заалтыг хассан байна.
Түүнчлэн Их хурал гурав дахь өдрөө үргэлжилж Бага хурлын бүрэлдэхүүнийг шинэчлэн 597 гишүүнтэйгээр байгуулснаар 31 дүгээр Их хурал өндөрлөв.
Монгол Ардын намын дарга, УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал 31 дүгээр Их хурлыг хааж үг хэлэв.
Тэрбээр “Анхан шатныхаа намын байгууллагыг дэмждэг, гишүүдээ сонсдог, ил тод, хариуцлагатай, шинэ үе, орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай нийцсэн намын ололт амжилтаа бататган бэхжүүлэхэд хамтдаа хичээж ажиллацгаая. 31 дүгээр Их хурлын нийт төлөөлөгчдөдөө халуун талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Амжилт, ялалтын төлөө хамтдаа хичээцгээе ээ” хэмээв.
Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас шинээр бүрдүүлсэн Бага хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болж байна
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.