🔴Б.Энхтайван: Хөтөл цeмeнт шохой мeнeжмeнтийн алдаанаас үүдэж өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн нь үнэн
Хөтөлийн цемент шохойн компанид улс төрийн томилгоогоор мэргэжлийн бус хүмүүсийг томилж байгааг үйлдвэрийн ажилчид эсэргүүцэж эхэллээ. Мэргэжлийн бус хүн удирдсанаар үйлдвэрийн үйл ажиллагаа доголдож, ашиггүй ажиллах эрсдэл нэмэгдэж байгаа гэж тус үйлдвэрийн ҮЭХ-ны дарга Л.Энхбаатар хэлсэн.
Үүсээд буй асуудлаар "Цемент Шохой" ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Энхтайванаас тодруулга мэдээлэл авлаа. Тэрбээр 2025 оны 6-р сарын 4-нд Эрдэнэс Монгол ХХК-аас ажлаа хүлээн авсан бөгөөд 6-р сарын 20-нд "Цемент Шохой" ХХК-д компанид очиж гурав хоног ажилласан байна. Өмнөх жилүүдийн датаг цуглуулж үзэж хянасны үндсэн дээр алдагдлын шалтгааныг тодорхойлсон гэв.
Б.Энхтайваны хэлснээр, үйлдвэр энэ жил алдагдалтай ажилласан хоёр үндсэн шалтгаантай. Нэгдүгээрт, жил болгон баталдаг бизнес төлөвлөгөө, зорилтот түвшин хоцорсон. Удирдлагын баг 2024 оны 12-р сарын 24-нөөс 2025 оны 3-р сарын 19 хүртэл бизнес төлөвлөгөөгөө батлуулахдаа 5 удаа өөрчлөлт оруулсан бөгөөд шаардлага хангаагүйгээс буцаагдсан байна. Ингээд 4-р сард батлагдсан нь ажлыг саатуулж, удааршруулахад нөлөөлжээ.
Хоёрдугаарт, 2013 онд баригдсан 500 мянган тонн хүчин чадалтай шинэ шугамтай үйлдвэр 12 жил тутамд капитал засвар хийдэг. Энэ хугацаанд 8-р сарын 8-нд тээрэм дээр гэмтэл гарч зогссон. ТУЗ-өөс ажлын хэсэг гаргаж 21 хоног газар дээр нь ажилласан ч үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй, доголдолтой хэвээр байна.
Ойрын хугацаанд 2025 оны баталсан бизнес төлөвлөгөөнд тодотгол хийж, үйлдвэрийг засах ажлыг 12-р сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна. Капитал засварыг 3-аас 4 сарын хугацаанд хийхээр бэлтгэж байгаа аж. Сул зогсолт их байгаа нь цалин хөлсийг 65%-иар олгодог тул эдийн засгийн хувьд дарамт болж, нэгж бүтээгдэхүүний өртөг нэмэгдэж, алдагдалд хүргэж байна гэж Б.Энхтайван тайлбарлав.
Б.Энхтайван: "Цемент Шохой" ХК нь 1.15 орчим тэрбум төгрөгийн борлуулалтын авлагатай байгаа. Өмнөх захирлуудын мэргэжлийн бус байдлаас болж үйлдвэр хүнд нөхцөлд орсон нь үнэн. Хуульд заасны дагуу төрийн өмчийн компаниудын удирдлагуудыг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох ёстой
Тэрбээр 6-р сарын 4-нд ажил аваад 8-р сарын 28-нд Гүйцэтгэх захирлыг төрийн албан хуулийн дагуу сонгон шалгаруулалт хийх томилох хүсэлтээ тавьсан ч үйлдвэр өөрөө Хөгжлийн банкны өр төлбөрийн асуудалтай, шүүхийн маргаантай байгаа нь сонгон шалгаруулалтыг хойшлуулахад нөлөөлж байна гэлээ. Өмнөх гүйцэтгэх захирал 10-р сарын 6-нд гэр бүлийн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн. Онцгой нөхцөл байдал үүссэн тул түр орлон гүйцэтгэгчийг томилсон бөгөөд оны өмнө сонгон шалгаруулалтыг явуулах хүлээлттэй байна.
Тэрбээр Хөтөл Цемент Шохой компанид тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх нйаман төрлийн саналыг Эрдэнэс Монгол компанид хүргүүлсэн. Үүнд үйлдвэрлэлийн эвдрэл гэмтэл, засвар үйлчилгээ, худалдан авах үйл ажиллагаа, хүний нөөц, бүтэц зохион байгуулалт, борлуулалт, уул уурхай, авлига, хөрөнгө оруулалт зэрэг асуудлууд багтаж байна.
Удирдлагын төвшинд АН-аас нэг, МАН-аас хоёр хүн ажиллаж байгаа гэв. Гүйцэтгэх захирлын хувьд ганцаарчилсан сонгон шалгаруулалт явуулахгүй, бүтэн удирдлагын багийг сонгон шалгаруулалтаар томилох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Сүүлийн 3 жилд захиргааны ажилчдын орон тоо 30-аар нэмэгдсэн асуудлыг шалгаж байгаа бөгөөд аль болох бага бүтэцтэй, чадвартай бүтэц рүү оруулахыг хичээж байгаагаа хэлсэн.
Мэргэжлийн хүн, сэтгэлтэй хүн гэдэг бол хоёр дахь хууль болж байгааг онцолж, үйлдвэрлэлийн процесс, уул уурхайн процессыг нэгтгээд сайн авч чаддаг хүн л сайн менежер байдаг гэлээ.
Инженер техникийн ажилтнууддаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, удирдлагын багийн менежмент алдагдсаныг хүлээн зөвшөөрлөө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.