Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 30.3 хувь бууруулах амлалт, бодлогоо танилцуулжээ
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар Бага хурал "Дэлхийн уушги" гэгддэг Амазоны бүсийн хамгийн том хотуудын нэг, Бразил улсын Белемд үргэлжилж байна.
Монгол Улсыг төлөөлж БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд NDC 3.0 шинэчилсэн зорилтоо танилцуулж, 2035 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг 30.3 хувь бууруулах амлалтаа хэрэгжүүлэх бодлого, уур амьсгалын тэсвэржилтийг сайжруулах талаар олон улсын байгууллага, түнш орнуудтай санал солилцжээ.
COP30-д оролцож байгаа манай төлөөлөгчид 2026 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлын бэлтгэл ажлын явцын талаар дэлгэрэнгүй танилцуулж, техникийн болон санхүүгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллах бас нэг зорилготой оролцож байгаа юм. COP17 бэлтгэл ажлыг танилцуулах уулзалтыг Даян дэлхийн байгаль орчны сан (GEF), НҮБ-ын Уур амьсгалын сан (GCF), Байгаль орчны НҮБ-ын хөтөлбөр (UNEP), Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Европын холбоо, бүс нутгийн түншүүдтэй хийхээр төлөвлөсөн байна.
Белем хотын COP30 нь Монгол Улсын уур амьсгалын бодлогыг олон улсад таниулах, мөн COP17-г амжилттай зохион байгуулахад шаардлагатай олон улсын дэмжлэг, түншлэлийг өргөжүүлэх стратегийн боломж бүрдүүлж байгаа юм. Бразил улсын Белем хотод болж байгаа Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар Бага хурал 11 дүгээр сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.