Э.Анар: Монгол Улсад Google pay төлбөрийн систем нэвтэрлээ

Э.Анар: Монгол Улсад Google pay төлбөрийн систем нэвтэрлээ

Монгол Улсад Google pay нэвтэрч буй талаар Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анартай ярилцлаа. 

-Монгол Улсад Google pay нэвтрэх нь цахим төлбөрийн системийн хөгжилд ямар ач холбогдолтой гэж та үзэж байна вэ?
-Дэлхийн улс орнууд бүс нутгаасаа хамаарч Alipay, Wechat-ийг Ази тивд, Apple pay, Google pay-ийг Америк болон Европын улс орнууд түгээмэл ашиглаж байна. Тухайлбал, Apple pay-ийг 774 сая, Google pay-ийг 200-250 сая хэрэглэгч өдөр тутамдаа ашиглаж төлбөр тооцоогоо гүйцэтгэж байна. Эдгээр мэдээллээс харахад Google pay-ийг нэвтрүүлснээр олон улсын стандартад нийцсэн технологийн дэвшилд суурилсан, энгийн, хялбар, найдвартайгаар төлбөр тооцоогоо дотооддоо төдийгүй гадаадад гүйцэтгэх боломж нэмэгдэж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн дээр дурдсан 200-250 сая хэрэглэгчийн тодорхой хувь нь манай улсад аялал, жуулчлалаар ирэхэд Google pay ашигласнаар нэлээдгүй хөрөнгө оруулалтыг татах боломж бүрдэж байгааг нэмж хэлмээр байна. Түүнчлэн, манай улсын ухаалаг утас хэрэглэгчдийн дийлэнх буюу 70 орчим хувийг андройд үйлдлийн системтэй гар утас хэрэглэж байгаа бөгөөд Google pay үйлчилгээ нэвтэрснээр эдгээр хэрэглэгч гар утсаа ашиглаж, төлбөрөө хялбар, түргэн гүйцэтгэх боломжийг олгож байна. Google pay-ийн баримталдаг олон улсын нууцлалын шаардлагын хувьд төлбөрийн мэдээллийг шифрлэж, биометрийн (хурууны хээ, нүүрний танилт) баталгаажуулалтыг ашигладаг нь хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж байдаг. 

-Өмнө нь Apple pay нэвтэрсэн. Энэ удаад Google pay үйлчилгээ хэрэглэгчдийн гар дээр ирлээ. Google pay нэвтэрснээр Монголбанк цахим төлбөр тооцооны хөгжилд ямар өөрчлөлт гарна гэж хүлээж байна вэ?
-Монголбанкнаас Үндэсний брэнд ₮ картыг 2012 онд гаргаж, зах зээлд нэвтрүүлсэн. Энэ 13 жилийн хугацаанд ₮ карт эзэмшигчийн тоог нэмэгдүүлэх тал дээр нэлээдгүй ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүний хамгийн чухал алхмын нэг нь Мастер карт байгууллагатай хамтран 2019 оноос эхэлж ₮ картыг EMV Chip технологид шилжүүлэх ажлыг эхлүүлж, энэ оны байдлаар 100% чип карт ашигладаг болоод байна. Чип технологи нь өөрөө олон улсын wallet нэвтрүүлэх гол дэд бүтэц болж, Apple pay, Google pay-ийг нэвтрүүлэхэд технологийн хувьд хөгжүүлэлтийг хийхэд дөхөмтэй болсон. Иймээс, ухаалаг утасны үйлдлийн системээс үл хамааран гар утас хэрэглэгч хүн бүр өөрийн төлбөрийн картыг бүртгүүлэн мобайл төлбөр тооцоо хийх боломжтой болсон. Монгол Улсын хэмжээнд Google pay нэвтэрснээр үндэсний төлбөрийн ₮ картыг ашиглан олон улсад төлбөр тооцоо хийх суваг нэгээр нэмэгдэж байгааг онцлох нь зүйтэй. 
-Apple pay-ийн хувьд хэрэглэгчид төгрөгийн картаа холбоод, олон улсад гүйлгээ хийх боломжийг олгосон. Харин Google pay энэ тал дээр хэрхэх вэ, Apple pay-тэй адил ямар нэгэн олон улсын карт холбох шаардлагагүйгээр олон улсын төлбөр тооцоо, гүйлгээ хийх үү?
-Бид төлбөр тооцоогоо гүйцэтгэхэд саяхныг хүртэл бэлэн мөнгийг ашиглаж байсан бол одоо хэзээ бэлэн мөнгө тоолж худалдан авалт хийснээ санахгүй байх жишээтэй. Яг үүнтэй адилаар хэзээ төлбөрийн карт гаргаж ирээд бэлэн бусаар гүйлгээ хийснээ бас л санахгүй болох цаг үе тун удахгүй ирэхээр болжээ. Таны асуусан асуултад аль ч wallet-ийн хувьд дебит, кредит карт, банкны данс, дижитал валют зэрэг олон төрлийн төлбөрийн хэрэгслийг ашиглаж төлбөрийн уян хатан байдлыг дэмжихээс гадна хэрэглэгчдэд төлбөрийн түүхийг хянах, удирдах замаар хэрэглэгчдэд санхүүгээ удирдах боломжийг олгоно. Онцгойлон хэлбэл, Google pay-ийн хувьд ч хэрэглэгч ямар төрлийн утастайгаас үл хамааран гар утсаа ашиглаж төлбөр тооцоогоо гүйцэтгэх бөгөөд Apple pay үйлчилгээтэй нэгэн адилаар олон улсын гүйлгээ хийх боломжтой. 

-Дижитал төлбөрийн шийдэл нь нэг талаас хэрэглэгчийн төлбөр тооцоог хялбарчилж байгаа ч нөгөө талаас аюулгүй байдлын асуудал зайлшгүй тавигддаг. Монголбанк энэ талаар хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Төлбөр тооцоо гүйцэтгэхэд нууцлал, аюулгүй байдлыг хангаж ажиллах нь чухал гэдэгтэй санал нэг байна. Монголбанкнаас төлбөрийн системийн оролцогч банкууд болон финтек байгууллагуудад мэдээллийн нууцлал аюулгүй байдлын олон улсын PCI-DSS стандартыг мөрдөж ажиллах шаардлагыг тавьдаг. Мөн олон улсын технологийн шаардлагыг бүрэн хангасан Токен үйлчилгээний системийг Монголбанк 2023 онд нэвтрүүлсэн бөгөөд энэ нь хэрэглэгчийн эзэмшиж буй төлбөрийн картын мэдээллийг токен болгон хувиргаж, тухайн токеныг бүртгэлжүүлэн хадгалж, тодорхой хугацаанд төлбөр тооцоонд ашиглах зориулалт бүхий систем бөгөөд мобайл төлбөр тооцооны найдвартай, аюулгүй байдлыг хангаж ажиллах цахимжуулсан томоохон дэд бүтэц юм. Тус системийг нэвтрүүлснээр хэрэглэгч картаа биет бусаар, тухайлбал цахим худалдан авалт, QR код, цахим хэтэвч ашиглан төлбөр тооцоогоо гүйцэтгэх нөхцөлд картын мэдээлэл алдагдах, хуурамч залилангийн гүйлгээ гарах эрсдэлээс хамгаалагдах юм. 

-Google pay-ийн хувьд эхний ээлжид зөвхөн Голомт банкны хэрэглэгчид хэрэглэх юм байна. Apple pay-ийн хувьд ч бас ХХБ, Голомт банкаар хязгаарлагдаж байгаа. Бусад арилжааны банкнуудын хэрэглэгчид энэ үйлчилгээг хэрэглэх боломжийн талаар Төв банк ямар байр суурьтай байна вэ, энэ чиглэлд хэрхэн дэмжиж ажиллах вэ?
-Цаашид Монголбанкны зүгээс банк, санхүүгийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй төлбөр тооцооны дэвшилтэд шийдлийг нэвтрүүлэх ажлыг улам бүр дэмжин ажиллах төлөвлөгөөтэй байна. Google pay болон Apple pay зэрэг дэвшилтэд технологийг шингээсэн үйлчилгээг банкууд, финтек байгууллагууд нэвтрүүлэхэд програм, техник хангамжийн хөгжүүлэлт, дэд бүтцийн зардал өндөртэй байдаг. Иймээс, банк, санхүүгийн байгууллагууд шинэлэг технологийг өртөг, зардлаа хуваасан дундын дэд бүтэц бүхий нэгдсэн төвийг байгуулах ажлыг бид дэмжиж ажиллана. Энэ нь олон улсын сайн жишгийн дагуу эцсийн бүлэгт хэрэглэгчийг мөн зах зээл, эдийн засгийг дэмжих зорилготой юм.

Х.ХАТАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 218 (7715)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.