Усалгаатай газар тариаланд ажиллах техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлжээ

Усалгаатай газар тариаланд ажиллах техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай газар тариалан төсөл”-ийн үр дүнд 7 аймгийн 10 сумын газар тариалангийн услалтын системийг шинэчлэн, сайжруулж байна. Одоогийн байдлаар 7 сумын услалтын системийг шинэчлэн байгуулж, улсын комисст хүлээн өгчээ.

Азийн хөгжлийн банк, Япон сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй уг төсөл хуучирч муудан үр ашиггүй болсон услалтын системийг сэргэхээс гадна тэдгээрийг үр ашигтай ашиглах хүний нөөцийг бэлтгэх газар тариалангийн техник ашиглалт оператор, усжуулагч-операторын богино хугацааны сургалтын хөтөлбөрийг Хөдөө аж ахуйн их сургууль дээр эхлүүлжээ.

large 691aa69c83d7de7c1b04c50b

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хөтөлбөрийн нээлтэд  оролцож, “Монгол Улсын хэмжээнд газар тариалангийн услалтын систем нь ус ашиглалтын хувьд үр ашиг багатай, хуучирсан, дэд бүтцийн хувьд тогтвортой бус, засвар үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийгдээгүй, олон жил орхигдсон байсан. Нийт газар тариалангийн 400,000 га газраас ойролцоогоор 54,000 га газар усалгаатай байгаа тул Засгийн газраас 2030 он гэхэд усалгаатай талбайн хэмжээг 120,000 га-д хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Салбарын яам услалтын системүүдийг сайжруулах, ус ашиглагчдын чадавхийг бэхжүүлэх, усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлэх замаар ногоочдын уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байдлыг бууруулах, усны нөөцийг зөв зохистой ашиглах менежментийг бий болгох зорилго тавин ажиллаж байгаа.  Тухайлбал, “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төсөл хүрээнд 7 аймгийн 10 суманд услалтын системийг сэргээн засварлаж шинэчлэн сайжруулснаар уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, үр ашигтай услалтын системийн хэмжээг 3031 га-аар нэмэгдүүлэх юм. Цаашид шинээр бий болгосон услалтын системийг үр ашигтай ажиллуулах, нутаг орондоо технологийн шинэчлэлийг нутагшуулахад газар тариалангийн техник ашиглалт  оператор, усжуулагч-операторуудын үүрэг оролцоо өндөр байх болно” хэмээн онцолсон юм.

Энэхүү сургалтаар газар тариалангийн услалтын систем шинэчлэн байгуулсан сумдын 20 хүнийг усжуулагч-оператор, газар тариалангийн техник тоног төхөөрөмжийн оператороор бэлтгэнэ. Мөн сумдын ногоочид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг услалтын системийн ашиглах графикийг гаргаж, усны хэрэглээг тооцох, зөв тарималыг тариалах, урсгал зардлыг тооцох  арга зүйд суралцлуулах юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.