Ноос ноолуурын экспортоор жилдээ нэг тэрбум гаруй ам.долларын орлого олох боломжтой

Ноос ноолуурын экспортоор жилдээ нэг тэрбум гаруй ам.долларын орлого олох боломжтой

Монголбанкнаас санаачлан “Уул уурхайн бус экспорт ба нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт” сэдэвт хурлыг өнөөдөр /2025.11.17/ зохион байгуулжээ. Хуралд Монголын банкны холбоо, Ноос, ноолуурын холбоо, үйлдвэрлэгчдийн төлөөлөл, арилжааны банкууд, олон улсын санхүүгийн байгууллагуудын төлөөлөл оролцсон байна. 

Хурлыг нээж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн үгэндээ “Монгол Улсын хувьд өнгөрсөн оны байдлаар нийт экспортын 93 хувийг эрдэс бүтээгдэхүүний экспорт, 7 хувийг уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт эзэлж байна. Ийнхүү манай эдийн засаг экспортын бүтээгдэхүүний орлогоос улам ихээр хамаарч, гадаад, дотоод өөрчлөлтөд эмзэг болж байгаа нь уул уурхайн бус салбар, түүний экспортод онцгой анхаарал хандуулах нь чухал байна” гэв.

Мөн уул уурхайн бус экспортын орлогын 33 хувийг ноос, ноолууран бүтээгдэхүүн бүрдүүлж, үүний дийлэнх хэсгийг хагас боловсруулсан байдлаар экспортолж байгааг дурдаад, хэрэв ноос, ноолуурын салбарыг дэмжиж, нэмүү өртгийг нэмэгдүүлж чадвал жилдээ нэг тэрбум гаруй ам.долларын орлого олох боломжтой гэх судалгааны үр дүнг онцлоод, энэ нь экспортын төрөлжилт, өрсөлдөх чадварт онцгой ач холбогдолтой гэдгийг онцолжээ.

07bf8f05533b487ea8dd33ea60e10b43

Хурлын үеэр уул уурхайн бус экспортын орлогын 30 гаруй хувийг бүрдүүлдэг ноос, ноолуурын салбарын хөгжлийн чиг хандлага, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих боломж, салбарт тохирсон санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шийдэл зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Мөн уул уурхайн бус салбарын экспортын өнөөгийн нөхцөл байдал, санхүүжилтийн боломжууд, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт, Монголын ноос ноолуурын салбарын бизнесийн орчин, хөрөнгө оруулалт зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлжээ.

Энэхүү уулзалтын зорилго нь бодлого боловсруулагчид, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, уул уурхайн бус экспортын салбарт тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, түүнийг шийдвэрлэх боломжийг эрэлхийлэхэд чиглэж байна.

Хурлын илтгэлүүд: 

Илтгэл 1 – Уул уурхайн бус экспортын нөхцөл байдал, санхүүжилт

Илтгэл 2 - Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн зарим асуудал

Илтгэл 3 - Монголын ноолуурын салбарын бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын боломж

Илтгэл 4 - “Монгол ноос - XXI зуун” ээрэх үйлдвэрийн төсөл 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.