Парламентад анх удаа сонгогдсон гишүүд намын "ах нар"-таа хандаж нэгдсэн уриалга гаргалаа
Парламентад анх удаа сонгогдсон гишүүд мэдээлэл хийлээ. Тэд 12-уулаа уулзаж ярилцаад, ард түмний өмнө амласан амлалт, хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө цаашид эв эеийг хичээж ажиллах ёстойг ярилцсан гэлээ. Тэд өмнө нь намын удирдлагуудын дунд хуваагдсан хоёр талд 6,6-аараа орж байсан гишүүд аж.
Тэд, "Өнгөрсөн хугацаанд намын удирдлагуудын дунд үүссэн асуудал нь улс төрчдийн дунд үүссэн үл ойлголцол болохоос намын жирийн гишүүд дэмжигчид, намын анхан болон дунд шатанд үүссэн хагарал биш гэж үзэж байгаагаа хэллээ. Залуу гишүүд цаашид намын эв нэгдлийг хангаж ажиллах гүүр болж ажиллана гэж шийдсэн. МАН-ын 31 дүгээр их хурлаар дүрмийн хүрээнд намын даргаа сонгосноор улс төрийн үл ойлголцол дуусгавар болно гэж найдаж байна. УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн хугацаанд талцан хуваагдаж, үл ойлголцолтой байж ирсэн. Бүлгийн гишүүддээ хандаж энэ хагарал тэмцэлдээ цэг тавиасай гэж уриалж байна. МАН ард түмний итгэл авч сонгогдсон тул ирээдүйн зорилгоо чухалчилж, зарчим дээрээ хатуу явах ёстой. Цаашид энэ хэвээр явбал парламент дээр хууль батлагдахгүй юм байна, засгийн газар тогтворгүй байх юм байна, улс орны эдийн засаг хүндрэх юм байна гэдгийг ойлгосон. Нэг зорилго, нэг мөрийн хөтөлбөртэй явах ёстой. Бидэнд албан тушаалын амбиц байхгүй, мөрийн хөтөлбөрөө л хэрэгжүүлж ажиллах хүсэл байна" гэлээ.
Иймд тэд намын удирдлага болон УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүддээ хандаж нэгдсэн уриалга гаргажээ. Товчдоо, эв нэгдэлтэй байж, ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө чин үнэнчээр ажиллацгаая гэж уриаллаа.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.