Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй

Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй

МАН-ын 31 дэх Их хурал энэ амралтын өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт болох товтой. Их хурлаар МАН-ын дарга сонгогдож, Бага хурлын бүрэлдэхүүнээ шинэчилж, намын шинэчилсэн дүрмээ батална. Өнөөдөр намын даргад хэн өрсөлдөх нь олны анхааралд байгаа сэдэв. Өмнө нь нэр дэвшиж өрсөлдсөн Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нар нэрээ татсан. Тэгвэл хотын дарга Х.Нямбаатараас намын даргын сунгаанд оролцох эсэх, намын дотоод зөрчлийн талаарх байр суурийг нь тодрууллаа. 

Хотын дарга Х.Нямбаатар: 

-Хотын иргэдэд өгсөн амлалтаа зөрчөөд намын даргад өрсөлдөх бодол одоогоор алга. Аливаа улсын эрх баригч намын дотоодын зөрчил нийгэм, эдийн засгийн хямралд ч хүргэж болзошгүй. МАН-ын 31 дэх Их хурлаар энэ асуудал нэг талдаа шийдэгдэж, МАН-аас 2024 оны УИХ-ын сонгуулиар иргэдэд өгсөн амлалтаа биелүүлж, эвлэлдэн нэгдэж ажиллах ёстой. Энэ тухайд хатуу байр сууриа баримтална. Намын даргын сунгаанд өрсөлдөх хүмүүсээс намын эв нэгдлийг хангах тал дээр юу хийхийг хамгийн түрүүнд асууна. Намын эв нэгдлийг хангана гэдэг нь худал, хулгайг нуух бус улс орны хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, эдийн засаг, эрх зүйн реформууд хийхийг хэлдэг.

Миний хувьд 2020-2023 оны Засгийн газарт ажиллахдаа Гашуунсухайт-Ганцмодны төмөр зам “Чайна Энержи”-тэй нүүрс худалдах, худалдан авах гэрээ, уурхайн хөгжүүлэлтийн төслүүдийн ажлын хэсгийг ахалж, ажлыг нэлээд урагшлуулсан. Францын Засгийн газартай хийсэн “Орано майнинг”-ийн хөрөнгө оруулалтын хэлэлцээг ахалж, одоогийн хөрөнгө оруулалтын гэрээний загварыг боловсруулсан. Оюутолгойн 2.4 тэрбум ам.долларын өрийг тэглэх ажлын хэсэг, гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх хэлэлцээр, Дубайн гэрээг цуцлах хэлэлцээрийг ахалсан. Энэ жишгээр ажлууд явж байж эдийн засаг урагшилна. Төсвийн хэдэн төгрөгийг урд, хойно оруулж батлаад юу ч өөрчлөгдөхгүй. Дэлхийн банкны судалгаагаар НҮБ-д бүртгэлтэй 193 улсаас эдийн засгийн чадавхаараа Монгол Улс 120-д байна. Улс төржих, хийрхэх, албан тушаалын төлөөх тэмцлээ зогсоож, эдийн засгаа тэлэх, иргэдийн амьдралыг хэрхэн сайжруулахыг ярих хэрэгтэй гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.