🔴Ж.Энхбаяр: Би МАН-ын дарга, УИХ-ын дарга болохгүй. Санал ирсэн ч татгалзана
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяраас МАН болон УИХ-ын даргын асуудал, мөн улс орон даяарх өвөлжилтийн бэлтгэлийн талаар тодрууллаа.
УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр:
-Миний хувьд энэ удаад ямар нэгэн сонгуульд өрсөлдөхгүй. УИХ-ын дарга болохгүй. Хийх ажил их байна. Урдах ажлаа л хийнэ. Санал ирсэн ч татгалзана.
Намын үнэт зүйл, анхан шатны гишүүдийн эв нэгдэл хэвээрээ байна. Эрх мэдлийн төлөөх байр суурийн зөрүүтэй байдал үүссэн ч эцэслэн шийдэгдэж, ҮХЦ-д хүрсэн асуудлын ард гарч байна. Намын даргад Монгол Улсыг эдийн засаг, нийгмийн хөгжлийн шинэ түвшинд гаргах шинэ арга ухааныг эзэмшсэн, шинэ эдийн засагт дасан зохицож ажиллах чадвартай хүн хэрэгтэй.
Малчдад зориулсан том бодлого хэрэгжсэн. Малчид хорших зохион байгуулалтад орж чадсан. Санхүүгийн шалгуураа хангаад, 800 гаруй тэрбум төгрөгийг малчдад зориулж өгсөн. Энэ нь мал аж ахуйгаа сайжруулах, ашиг байдлыг нь нэмэгдүүлэх, хашаа хороогоо сайжруулах, тэжээл тариалах зэрэг өргөн хүрээг хамарсан ажил юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, УИХ-ын баталсан төсөв бодлогын хүрээнд өөрчлөлтийн байдлыг дуусгаж, мал эмнэлэг, вакцинжуулалтын ажил улс орон даяар явагдаж байна. Газар тариалан, төмс, хүнсний ногооны ургац хураалт бүрэн дууслаа. 31 мянга гаруй хүн ажиллаж, ямар нэг асуудалгүй, хүндрэлгүй, хэл амгүй, аваар осолгүй ургацын хураалт бүрэн хийгдэж дууссан.
Одоо улсын хэмжээнд мах бэлтгэл ажил явагдаж байна. Сүүлийн гурван жилд экспорт 300 сая ам.долларт хүрээд байна. Энэ нь мал эмнэлгийн үйлчилгээ, вакцинжуулалт, анхан шатны ажлуудын үр дүн юм.
Өвлийг даван туулахын тулд газар тариалангийн салбараас олон мянган тонн тэжээлийн ургамал нэмэгдэж байгаа. Байгалийн хадлангийн өвс байдаг ч, таримал буюу илүү уураглаг, тэжээллэг ногоон тэжээлийн тариалалт, нийлүүлэлт мал аж ахуйн салбарт их хэмжээгээр нийлүүлэгдэж байна. Бараг 100 гаруй мянган га талбайд ногоон тэжээл таригдлаа. Өмнө нь зөвхөн байгалийн хадлан дээр тулгуурлаж өвөлжилтийг тооцдог байсан бол одоо тэжээлийн тариалалт эхэлж байгаа нь эрсдэлийг даван туулахад нэлээн өөрчлөлт оруулна.
Ноолуурыг түүхийгээр нь гадаадад өгдөг байсныг таслан зогсоосон. 100 хувь угаадаг, самнадаг болсон. Угаасан, самнасан ноолуурын экспорт тав дахин нэмэгдсэн байна. Энэ нь олон зуун тэрбум төгрөг Монголын үйлдвэрлэлд үлдэж эхэлж байна гэсэн үг. Бид түүхий эдээ илүү үйлдвэрлэдэг болох тусам л малчдын орлого нэмэгдэнэ. Энэ чинь Монгол Улсын сүүлийн 30 жилийн бүх Засгийн газрын мөрөөдөл байсан байхгүй юу гэлээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.