🔴Д.Энхтуяа: ЭМД-ын санг хараат бусаар ажиллуулъя гэвэл даатгалын корпорац байгуулах ёстой

AI хөрвүүлсэн

УИХ дахь Ардчилсан намын зарим гишүүд Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулаад байсан ч 2016 онд МАН олонхоороо ялалт байгуулсны дараа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газыг ЭМЯ-ны харьяанд шилжүүлснээр энэ бүх завхрал үүссэн. 2022 онд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын доор байсан Хяналтын хэлтсийг татан буулгасан байна. Үүнээс хойш ямар ч хяналтгүй болж, авлига, хээл хахууль, хулгай цэцэглэсэн.

Эмч нарыг буруутгаагүй. Эмч нар ажлаа хийгээд явж байгаа. Харин өвчин зовлон дээр мөнгө хийдэг, даатгал төлөгчдийн мөнгөн дээр ашиг хонжоо хайсан хэсэг бүлэг хүмүүс энэ асуудлыг хийсэн. Цаашид ийм асуудал гаргахгүйн тулд ЭМД-ыг ЭМЯ-ны харьяанаас яаралтай гаргаж, бие даалгах асуудлыг шийдэх гэж байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар доороо хоёр чухал функцтэй байдаг. Нэгдүгээрт, өртгийг зөв тодорхойлох ёстой. Гэтэл өнөөдөр өртгөө ч зөв тодорхойлж чадахгүй байна. Хоёрдугаарт, хяналтын систем байх ёстой. Хяналтын хэлтсээ байхгүй болгосноор даатгал төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулах үүд хаалгыг нээж өгсөн.

Хэд хэдэн сонгуулиар энэ санг ашигласан. Даатгалын хуульд энэ мөнгийг юунд зарж болох, болохгүйг хатуу зааж өгсөн. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг тусад нь бие даалгаж гаргаж, хэсэг хугацаанд маш сайн хариуцлагатай ажиллахгүй бол даатгуулагчдын мөнгө үрэн таран болох болно гэв.

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсын иргэдийн 92 хувь нь ЭМД-д хамрагдсан байна. Хамрагдалт маш өндөр, хөрөнгө хуримтлуулах боломжтой сан.

Монгол Улсад сангаар бизнес хийж, сангаа тонож дээрэмдэж, улс төрийн сонгуулийн хэрэгсэл болгож ашиглаж ирсэн. Тиймээс ЭМД-ын сангийн бие даасан, хараат бусаар ажиллах бололцоог нь яаж олгох вэ гэдэг дээр гаргалгаа гаргалаа.

ЭМД-ын санг хараат бусаар ажиллуулъя гэвэл даатгалын корпорац байгуулах ёстой. Баялгийн санд ч гэсэн даатгалын корпорац байгуулаад, бие даасан хараат бусаар ажиллаж чаддаг мэргэжлийн корпорац ажиллах ёстой. Олон улсын сайн жишиг бол ийм л байгаа. Сонгуулийг төрөөс хараат бусаар ажиллуулах, төрийн дарга нарын өөрийнхөө гаргасан тушаалаар сангийн хөрөнгөд гар дүрдэг асуудлыг зогсоох ёстой. Үүн дээр АН-ын эмэгтэй гишүүдийн бүлэг ажиллаж, хуулийн төслөө өөрчлөх, мөн шинээр санаачлахаар зорьж байна гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.