🔴"Б.Энхбаяр МАН-ын Их хурлаас өмнө Д.Амарбаясгаланг "нүүрсчин" болгох улс төрийн зорилготой"
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч өнөөдөр хэвлэлийн хурал хийж, үйлчлүүлэгчийнхээ эрүүгийн хэрэг болон ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяртай холбоотой иргэний хэргийн шүүхийн маргааны талаар мэдээлэл өглөө.
Өмгөөлөгч Ү.Амарбат, Д.Амарбаясгаланг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байгаа ч, үйлчлүүлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхтэй оролцож, гэм буруугүйгээ нотлох баримтуудыг гаргаж байгааг онцоллоо. Эрүүгийн хэрэг нь 10 дугаар сарын сүүлээр үүссэн бөгөөд талууд хуулийн байгууллагад хандсан байна.
Б.Энхбаярыг хүний нэр төр, алдар хүндэд халдсан гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сайд Б.Энхбаяр шүүхийн нэхэмжлэлээ аваагүй, дуудах хуудас авсан ч шүүхэд ирээгүй тул өчигдөр шүүхээс албадан ирүүлэх шийдвэр гарчээ. Өмгөөлөгч ХЗДХ-ийн сайд хуулийг дээдлэн шүүхийн ажиллагаанд оролцох ёстой гэж үзэж буйгаа илэрхийллээ.
Өмгөөлөгч Ү.Амарбатын үзэж байгаагаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байх үеэр Засгийн газрын хурлын дараах мэдээллийн цагт Б.Энхбаяр Д.Амарбаясгаланг буруутгах мэдээлэл өгсөн нь хууль бус юм. Тэрээр "Энэ нь эрүүгийн хэргийн мэдээллийг олон нийтэд задлан тараах зөрчил бөгөөд хувь хүний нэр төрөнд халдсан" хэмээн мэдэгдэв.
Б.Энхбаярын өгсөн гурван "баримт"-ыг няцаахын тулд өмгөөлөгч гурван үндэслэл тавьсан.
Нэгдүгээрт, Б.Энхбаярын задалсан 2018, 2020 оны мессежүүд нь "Админералын гэрээ"-тэй холбоогүй, гурван жилийн өмнөх чат бичлэг бөгөөд хэрэгт ямар ч ач холбогдолгүй гэжээ. Өмгөөлөгч үүнийг Д.Амарбаясгаланг "нүүрсчин" гэх хэллэгт оруулах улс төрийн зорилготой гэж үзэж, баримтуудаа хуулийн байгууллагад өгөхийг санал болгов.
Хоёрдугаарт, нүүрсний сонсголтой холбоотой гэх гэрээний тухайд Б.Энхбаяр 2022 оны 7 дугаар сарын гэрээг дурдсан ч энэ нь Д.Амарбаясгалан сайд болохоос өмнөх хуралдааны тогтоол дээр үндэслэсэн, түүнээс хойш хэмжээг бууруулах шийдвэр гарсан байдаг гэж тайлбарлав. Энэ нь гэрээний талын эрх ашгийг хохироосон бөгөөд баримтуудыг хуулийн байгууллагад өгвөл үнэн тодорно гэв.
Гуравдугаарт, "протокол алга болсон" гэх Б.Энхбаярын мэдэгдлийг няцааж, БОАЖЯ-наас тэмдэглэл, тогтоолыг шаардсан ч тэмдэглэлийг өгөөгүй байсан. Тэмдэглэл устгагдаагүй, яаманд байгаа бөгөөд хуулийн шаардлагаар гаргуулж авна. Б.Энхбаяр өөрийнхөө өмнөх мэдэгдлээ өөрчлөн няцааж байгаа гэж онцоллоо.
Өмгөөлөгч эдгээр мэдээлэл хоорондоо уялдаагүй, логикгүй, хэрэгт шаардлага хангаагүй гэж дүгнэв. Д.Амарбаясгалангийн хувьд эрүүгийн хэрэгт таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хуулийн эрхээ ханган оролцож байгаа ч гэм буруугүйг нотлох баримтуудаа хуулийн байгууллагад үзүүлжээ. Харин Б.Энхбаяр иргэний хэрэгт оролцохгүй байгаа нь "хууль ялгавартай үйлчилж байгааг харуулж байна" гэж өмгөөлөгч хэлэв.
Тэрээр МАН-ын Их хурал өмнөх улс төрийн нөхцөл байдалд энэ хэрэг холбоотой гэж үзэж, хууль зүйн хүрээнд ажиллаж, дараа нь олон нийтэд тайлбар өгнө гэдгээ амлав.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.