🔴Маргаашаас 15 мянган эмч, эмнэлгийн ажилчин ажил хаяна

AI хөрвүүлсэн

Эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид цалингаа 3.5 сая болгож нэмэгдүүлэх шаардлагыг хүргүүлж, суулт хийсэн ч үр дүнд хүрээгүй учир маргаашаас ажил хаялт зарлахаар болжээ.

Өнгөрсөн шөнө Сүхбаатарын талбайд хоносон нэгэн эмч, эмнэлгийн ажилтнуудын цалингаа нэмүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн ч тодорхой хариу, шийдэл ирээгүйгээс ийнхүү арга хэмжээ авч эхэлсэн тухай ярилаа. Эрүүл мэндийн яамнаас ч хариу өгөөгүй тул Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурлаар эмч, ажилчдын ажил хаялтыг зохион байгуулах шийдвэр гаргасан байна. Улмаар 11 дүгээр сарын 13-ны өдрийн 08:00 цагаас ажил хаялт эхлэх талаар албан бичгийг ЭМЯ-нд хүргүүлжээ.

Энэ хугацаанд ЭМЯ болон Засгийн газраас ямар нэгэн уулзалт хийгээгүй бөгөөд Ж.Чинбүрэн сайдтай нэг удаа уулзсан ч тодорхой тохиролцоонд хүрээгүй аж.

Сүхбаатарын талбайд өрнөж буй хугацаагүй суултад 42 эмч, эмнэлгийн ажилчин ирж очин оролцож, орой ээлжээр 10 хүн хонож байжээ. Харин өнөөдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулж, маргааш өглөө ажил хаялтаа эхлүүлэхээр төлөвлөжээ. 

Ажил хаялтад 110 гаруй эрүүл мэндийн байгууллагын 15 мянган эмч, эмнэлгийн ажилчин нэгдсэн байна. Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, хүүхдийн болон эх барихын яаралтай тусламжууд хэвийн ажиллах бөгөөд бусад амбулаторийн тусламж үйлчилгээ, үзлэг оношилгоо, шинжилгээнүүд ажиллахгүй аж.

Эмч нарын төлөөлөл:

-Би Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ес дэх жилдээ ажиллаж байгаа ч нэг сая 270 мянган төгрөгийн цалинтай. Гар дээрээ 1.3 сая орчим төгрөг авдаг. Ажил хаях хэмжээнд бидний хөдөлмөрийг үнэлж чадахгүй байгаад гомдож байна. Салбар, мэргэжилдээ хайртай учраас ажлаа орхихгүй байгаа. Энэ удаагийн тэмцэл дээр зорилгодоо хүрэхийн тулд ажил хаяхаас өөр аргагүй болсон.

Ж.Чинбүрэн сайдтай уулзахад цалинг яаж нэмэх талаарх хувилбаруудаар ярилцсан. Бид ширээний ард суугаад ярилцсан юманд итгэж, найдаж ажил хаялтаа зогсоохгүй. Албажаад, цаасан дээр бууж, батлагдсаны дараа тэмцлээ дуусгана гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.