🔴Т.Аубакир: Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоо муу тогтолцоо биш
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ирэх таван жилийн үндсэн чиглэлүүдийн талаар тус яамны сайд Т.Аубакир мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир:
-2023 онд баталсан тэтгэврийг дараа жилийнх нь инфляцтай уялдуулан батална. Тэтгэврийг тэгш хувиар нэмэх үү, эсвэл бага тэтгэвэртэй хүмүүст илүү, их тэтгэвэртэй хүмүүст бага нэмэх үү гэдэг маргаантай асуудал хэвээр байна. Хэрэв 8.6 хувиар баталбал Засгийн газар үүнийг тогтоолоор зохицуулна.
Ур чадвараа илүүтэй үзүүлж, 22 жил нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн хүмүүсийн тэтгэвэр нэг сая төгрөгөөс дээш байх ёстой. Насаараа шударга ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэлээ төлсний хэрэг юу байна? Хөдөлмөр эрхлээгүй байж халамжийн тэтгэвэр тогтоолгосон, эсвэл ажилласан жил нь хүрэхгүй, нийгмийн даатгалын шимтгэлээ тогтвортой төлөөгүй хүмүүст тэтгэвэр тогтоодог. Тогтвортой 22 жил нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй хүмүүсийн тэтгэврийг нэмээд байгаа нь шударга бус юм. Насаараа шударга ажиллачхаад яагаад торгуулж байгаа юм шиг бага нэмэгдэл авч, нөгөө хүмүүс илүү нэмэгдэл авах юм бэ? Энэ бол маргаантай асуудал.
Цалингийн тогтолцоог улс төрийн популизмтай холбоотойгоор тухайн салбарын сайд нь нэмүүлдэг байдлыг өөрчлөх хэрэгтэй. Салбар бүрийн хуулиар зохицуулахын оронд, цалингийн асуудлыг нэг хуульд оруулах асуудлыг ажлын хэсэг хэлэлцэж байна. Энэ бол манай яамны үүрэг.
Гэр бүлийн хөгжлийн тухай хуулийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар өргөн барьсан. Залуучууд энэ хуулийг дэмжиж байгаад баяртай байна. Монгол Улсын гал голомт болсон гэр бүл рүүгээ чиглэсэн, гэр бүлийн сайн сайхныг дэмжих асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай. Энэ хууль олон жилийн хугацаанд боловсруулагдаж байгаа. Хуулийн гол зорилтуудын нэг нь, гэр бүлийн нэг гишүүнийг хүн амын орлогын албан татвараас чөлөөлөх явдал юм. Гэхдээ цалингийн дээд интервалыг тавьж өгөхгүй бол өндөр орлоготой гэр бүлийг дэмжсэн юм шиг болно. Засгийн газрын сонирхол дундаж гэр бүл рүүгээ чиглэх ёстой. Монгол Улсын цалингийн дундаж хэмжээ 2.5-2.7 сая төгрөг гэж үзэж байна. Энэ бол хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдөх байх.
Орон сууцаа борлуулсан тохиолдолд орлогын албан татвараас чөлөөлөх заалт байгаа. Ипотекийн зээлд хүүхдийн тоог харгалзан үзэж байгаа. Хүн амын төрөлтийг дэмжих нь Монгол Улсын Засгийн газрын нэгдүгээр бодлого юм. 15 жилийн өмнө жилдээ 80 мянган хүүхэд төрдөг байсан бол одоо 50 мянга руу ороод ирсэн. Энэ нь зөвхөн Монгол Улсын асуудал биш, дэлхий нийтийн асуудал болчихлоо.
Төрөлтийг дэмжихийн тулд хуулиар хөшүүрэг болгож, татвар шимтгэлээс хөнгөлөх, чөлөөлөх байдлаар гэр бүлийг олон хүүхэдтэй байх бодлогыг дэмжих хэрэгтэй. Гэр бүлийн эрүүл мэндийн багц даатгалын үйлчилгээг нэвтрүүлэх заалт байгаа. Нэг хүн даатгалаа төлчихсөн байхад түүгээрээ гэр бүлийн гишүүд нь эрүүл мэндийн үйлчилгээг авч болдог тогтолцоог бий болгох нь Монгол Улсын Засгийн газраас эрүүл гэр бүлийг дэмжих бодлогын нэг хэсэг юм.
Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоо муу тогтолцоо биш. НҮБ-д бүртгэлтэй 193 улсаас 160 улс нь манай энэ тогтолцоогоор явж байгаа. Маш олон улс хуримтлалын тогтолцоо руу шилжээд, буцаад ухарч байна. Хуримтлалын тогтолцоо нь нийгмийн даатгалын шимтгэлийг авчхаад, түүнийгээ өсгөж үржүүлэх үүрэг хүлээдэг. Гэтэл сангийн мөнгө санхүүгийн хөрөнгө оруулалтын зах зээл рүү ордог. Хөрөнгө оруулалтын зах зээл нь өөрөө тогтвортой биш байдаг учраас ахмадуудыг тэтгэвэрт гаргах үед тэтгэвэр нь хэлбэлзэлтэй байж болохгүй. Нийгэм хамгааллын яамны үндсэн үүрэг нь ахмадуудынхаа нийгмийн баталгааг хангах явдал юм гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.