"Physical: Asia"-гийн продюсер Жанг Ху Ги: Ази хүмүүс маш хүчтэй гэдгийг харуулахыг хүссэн
"Netflix"-ийн "Physical: Asia" нэвтрүүлгийн нийт ангийн тал нь аль хэдийн олны хүртээл болж, улс хоорондын тулаан ширүүсэж байна. Тэгвэл тус бүтээл болон өмнөх "Physical: 100" хоёр бүлгийн продюсер Жанг Ху Ги "Deadline" агентлагт өгсөн ярилцлагаас орчуулан хүргэж байна.
Продюсер Жанг Ху Ги анхнаасаа арьс өнгө, хүйс, хил хязгаарыг давсан "Physical: World" нэвтрүүлгийг хийх зорилготой байсан аж. Тэрээр "Бид Солонгос төвтэй эхэлсэн ч гол зорилго маань аажмаар бусад улс орон руу тэлэх явдал байсан. Одоо "Physical: US" болон Италид төвлөрсөн бүлгүүдийг төлөвлөөд байгаа. Гэхдээ бид шууд "Physical: World"-ыг бүтээхийн оронд, хөрш зэргэлдээ улсуудаасаа эхлэх нь дээр гэж бодсон. Ийнхүү "Physical: Asia" цувралын санааг гаргаж ирсэн юм" гэжээ.

"Physical: Asia" нэвтрүүлэгт Солонгос, Япон, Монгол, Австрали, Турк, Филиппин, Тайланд, Индонез гэх найман улсыг сонгон, урьж оролцуулсан билээ. Эдгээр найман улсыг "Netflix"-ийн зах зээлийн өсөлт дэвшилтийн өнцгөөс нь харж, онилсон гэх таамаг тархаад буй ч Жанг Ху Ги үүнийг эрс үгүйсгэн, тухайн улсын үндэсний уламжлалт спорт болон спортын хөгжөөн дэмжигчдийн тоо хэмжээг нь харгалзан сонгосон гэсэн юм. Жишээлбэл, Монголын багт бөх Б.Орхонбаяр, Тайландын багт Муай Тай тулаанч Супербон, Туркийн багт уламжлалт тосон бөхийн тамирчин Режеп Кара нар багтсан билээ.
Тэрээр энэ талаар "Ази хүмүүс жижиг биетэй гэх өрөөсгөл ойлголт, ялгаварлан гадуурхалт байдаг. Гэхдээ Ази хүмүүс маш хүчтэй байж чаддагийг, мөн өөрсдийн гэсэн үнэхээр өрсөлдөөнт уламжлалт спортуудтай гэдгийг бид хүн бүрт харуулахыг хүссэн" гэжээ.
Тиймээс ч, баг бүрийн гол гишүүнээр "Улс бүрийн уламжлалт спортын домог"-уудыг сонгохыг зорьсон бөгөөд дараагаар нь өөр өөр спортын хүч чадал, зан чанарыг харуулж чадах тамирчдаар тэнцвэржүүлсэн аж.

Сонгон шалгаруулалтын явцад "Бидний сонирхсон тамирчинтай холбоо барьж, уулзахад тусалсан өөр өөр улсын олон агентлаг, ажилтан байсан" ч Монголын оролцоо арай өөр үйл явцаар өрнөсөн гэдгийг Жанг Ху Ги онцолжээ.
Тэрээр "Монголын процесс арай онцгой байсан. Нэгдүгээр бүлэг дууссаны дараа Монголын талаас бидэнтэй холбогдож, Солонгос, Монголын тамирчдын хамтарсан нэвтрүүлэг хийх санал тавьсан. Энэ үнэхээр сонирхолтой санаа байсан ч илүү олон улс орныг хамруулж, Азийн хувилбарыг бүтээх нь илүү хөгжилтэй санагдсан. Ингээд бид "Physical: Asia" дээр тогтсоны дараа тэд бидэнд маш гайхалтай тамирчдыг санал болгож, их тусалсан" хэмээсэн юм.
Ирээдүйн тэмцээнүүдэд оролцож болох улсуудын талаар түүнээс асуухад Жанг Ху Ги Бразилыг онцолсон байна. Тэрбээр "Би Бразилын хөгжөөн дэмжигчдээс хамгийн их санал хүсэлтийг хүлээж авдаг. "Physical: 100"-гийн Бразил хувилбарыг үзэхийг хүссэн хүн маш их бий. Үнэхээр спортын том гүрэн, мөн гайхалтай спортын хорхойтнуудтай учир би ч бас тэр хувилбарыг үзэхийг хүсэж байна. Түүнчлэн Африкийн бүс нутагт "Physical: 100" тэмцээнийг зохион байгуулах хүсэлт ч маш их ирдэг" гэжээ.
Эх сурвалж: Deadline
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.