Монгол, Хятад, Оросын Аялал жуулчлалын сайд нарын есдүгээр хуралдаан эхэллээ
Монгол, Хятад, Орос гурван улсын Аялал жуулчлалын сайд нарын есдүгээр хуралдаан Дархан-Уул аймгийн Дархан хотноо албан ёсоор эхэллээ.
Хуралдааны хүрээнд зохион байгуулж буй “Цайны зам ба эдийн засгийн коридор” гурван талт уулзалтаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч. Ундрам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Ван Жианхуа, Оросын Холбооны Улсын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Д. С. Вахруков нар үг хэлж, хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Сайд Ч.Ундрам нээлтийн үгэндээ энэ оны есдүгээр сард Бээжин хотод болсон гурван улсын Төрийн тэргүүн нарын VII уулзалтаас хойш анх удаа Засгийн газрын түвшинд болж буй энэхүү уулзалт нь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам болохыг онцолж, “Цайны зам”-ын гол цэг болсон Дархан хотод уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлжээ.
Гурван тэргүүний уулзалтын үеэр талууд Монгол–Хятад–Оросын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг 2031 он хүртэл сунгах, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх урьдач нөхцөлийг бүрдүүлсэн билээ.

Энэ удаагийн уулзалтаар Монгол, Хятад, Орос гурван улсын худалдаа, соёл, иргэншлийг долоон зуун жилийн турш холбосон “Цайны зам”-ын түүхэн болон аялал жуулчлалын үнэ цэнийг түлхүү онцолж байна. “Цайны зам”-ын аялал жуулчлалын хамтын ажиллагааг идэвхжүүлэх хүрээнд хөрш орнуудын төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран брэнд авто аяллын хөтөлбөрийг харилцан хөгжүүлэх зорилтыг дэвшүүлжээ.
Монгол, Хятад, Оросын аялал жуулчлалын сайд нарын хуралдаан 2016 оноос хойш жил бүр уламжлал болон тасралтгүй үргэлжилж байна. Манай улс уг хуралдааныг 2018 онд анх удаа зохион байгуулж байсан бол энэ удаа хоёр дахь удаагаа эх орондоо хүлээн авч байна.
Энэхүү хуралдааныг зохион байгуулснаас хойш Монгол Улсад хөрш орнуудаас ирсэн жуулчдын тоо 80 хувиар өссөн нь гурван талт хамтын ажиллагааны бодит үр дүн гэдгийг салбарын төлөөлөгчид онцолсон юм.
Зургийн цомог
×
1 / 6
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.