🔴Зургаан ширхэг талх авах хэмжээний мөнгөөр тэтгэмжийг нэмэгдүүлж байгаа нь доромжлол

AI хөрвүүлсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон асран хамгаалагчдын тэтгэвэр тэтгэмжийг нэмэхийг шаардан, Төрийн ордны гадна жагсаж байна. Жагсагчдын төлөөллөөс байр суурийг нь сонслоо.

Асран хамгаалагч:

-Би асран хамгаалагчийн хувьд 302500 төгрөгийн тэтгэмж авдаг. 2026 оны төсөв дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмжийг 6000, эсвэл 18000 төгрөгөөр нэмнэ гэж ярьж байна. Ийм мөнгөөр яах юм бэ? Доромжилж ханахгүй байна уу? Манай хүний памперс л гэхэд өдөрт 20 мянган төгрөг болж байгаа шүү дээ. Хүнлэг, энэрэнгүй ёсыг байгуулж байгаа гэж яриад байх юм. Тэр нь хаана байна? Асран хамгаалагч гэдэг хүн өвчтэй хүнээ харахаас гадна амьдралын бүх хэрэгцээгээ зохицуулах гэж яаж шаналж байгаа гэж бодож байна?

Миний үеийн Их Хурлын гишүүд одоо хөгширч байгаа. Гэтэл энэ хугацаанд юу хийсэн юм бэ? Та нар баяжаад байдаг, бид нар 302500 төгрөгөөр амьдрах гэж ядаж байна. Ядаж биднийг доромжилж байгаа юм шиг хачин байдлаар тэтгэвэр нэмэхээ боль. Нэмж чадахгүй гэж яриад яах юм. Заавал тэд болгоод өг гэж шаардахгүй, жоохон нэмээд өгчих гэж байна.

Асран хамгаалагч нар жагсаалд хүртэл яаж ирэх юм бэ? Хөгжлийн бэрхшээлтэй хүн орноосоо босож чадахгүй, хоол ундаа идэж чадахгүй хүмүүс байна. Би ч энд удаан зогсоод байж чадахгүй. Гэтэл бид нарыг ингээд гадаа лоозон бариулаад зогсоогоод байдаг, яасан ичдэггүй юм бэ? Бид нар ажилгүйдээ ингээд зогсоогүй. Их Хурлын гишүүдийг миний ажлын байран дээр очиж, яаж ажиллаж байгааг хараарай гэж хэлмээр байна. Гомдолтой байна гэлээ.

Жагсагч:

-Улсын хэмжээнд 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдарч байгаа гэх тоон судалгаа байдаг. 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль батлагдсан. Тус хуульд халамжийн орон сууц, түрээс, ипотекийн орон сууц, тэтгэвэр тэтгэмж олгохыг тусгасан байдаг. Харамсалтай нь, 2016 оноос хойш тэтгэвэр тэтгэмж нэмэгдээгүй. Амьжиргааны доод түвшин хүртэл нэмэгдээгүй есөн жилийн нүүр үзлээ.

УИХ-ын зарим гишүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 24 хувиар нэмэх асуудлыг өргөн барьсан боловч УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Муусайн хоолны савнууд" хэмээн доромжилсон. Ж.Батсуурь гишүүнийг гарч ирж, уучлалт гуйхыг шаардаж байна.

2026 оны төсөвт тэтгэвэр тэтгэмжийг зургаан хувиар нэмэгдүүлэх санал явж байгаа. Энэ бол зургаан ширхэг талхны мөнгө. Зурган ширхэг "Атар" талхаар бүтэн 12 сарын хугацаанд нэг хүн амьдарч чадах уу?

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой асуудлуудыг ярьдаг, хэлдэг, одоо ч гарч ирээд "Тэгнэ, ингэнэ" л гэж хэлэх байх. Гэхдээ хэрэгжих дээрээ тулахаар бүгд хаягддаг, мартагддаг, орхигддог. Сангаас нь мөнгө хулгайлдаг гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.