Ж.Чинбүрэн, Ерөнхий сайдын үгийг нэг чихээрээ оруулаад, нөгөө чихээрээ гаргажээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар энэ оны наймдугаар сарын 12-ны өдөр ЭХЭМҮТ, хүмүүсийн нэрлэдгээр Эх нялхаст ажилласан юм. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн дагалдсан. Энэ үеэрээ асуудлыг газар дээр нь шийдэх олон амлалт өгсөн. Харамсалтай нь, тэрхүү амлалтын нэг чухал амлалт нь 2026 оны төсөвт суусангүй.
Ерөнхий сайд ЭХЭМҮТ-д ажиллахдаа шинээр баригдсан Хүүхдийн поликилинк төвтэй танилцсан юм. Хуучин поликлиникийн нөхцөл байдлыг эцэг, эхчүүд маш сайн мэдэж байгаа. Өвөл бол коридортоо багтахгүй их хүн цугладаг. Ханиад, томуутай хүүхдүүд уйлалдаад, хөл гишгэх газаргүй, их дуун чимээн дунд явж ордог байв. Гэтэл одоо цэлгэр, цэмцгэр орчинтой болж, давхар бүрдээ хүүхэд тоглуулах хэсэгтэй болжээ.

Гэвч, Ерөнхий сайдын тэр өдөр ажиллахдаа амласан мэс заслын вакум таван өрөөний санхүүжилт хөсөр хаягджээ. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Ерөнхий сайдын амлалтыг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргачжээ. 2026 оны төсвийн төсөл дээр вакум өрөөнүүдийн мөнгө тавигдаагүй байна!
Мэс заслын вакум өрөө яагаад чухал байдаг вэ?
ЭХЭМҮТ-д жилд дунджаар 10 гаруй мянган мэс засал хийдгээс 72 гаруй хувийг хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж үйлчилгээ эзэлдэг аж. Мэс заслын вакум өрөөнүүдийн хана, тааз, шал болон бусад дагалдах тоног төхөөрөмжийг олон улсад хүлээн зөвшөөрсөн тоосжилт үүсдэггүй, цахилгаанждаггүй, нянгийн эсрэг бактер үрждэггүй, цэвэрлэхэд хялбар тусгай зориулалтын материалаар хийдэг юм.
Дан ганц вакум өрөө хийгээд зогсохгүй, бохир зүйлсийг гаргах, гар угаах, хувцас солих, усанд орох, техникийн болон коридорын хэсэг гэсэн зохион байгуулалттай байдаг. Вакум мэс заслын өрөөний агаарыг дөрвөн шатлалт шүүлтүүрээр шүүж, бактерийг устган халдваргүйжүүлдэг хепафильтер заавал суурилуулдаг. Үүний үрээр агаарыг нь тасралтгүй 99.99 хувь цэвэршүүлж байдаг. Цаашилбал, цахилгаан, дулаан хангамж, холбоо дуудлага, интернетийн сүлжээ, эмнэлгийн хийн систем, хяналтын камер зэрэг төхөөрөмжтэй, мэс заслын өрөөний дотроос тохируулах бүрэн боломжтой хяналтын самбартайгаар байгуулагддаг байна.
Энэ тэгээд анхаарал хандуулахгүй, орхиж болохоор зүйл байна гэж үү?!

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.