АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцжээ
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Юта мужид айлчлал хийжээ. Айлчлалын үеэр Юта мужийн их, дээд сургуулиудын төлөөллүүдтэй уулзсан байна.
НИТХ-ын дарга А.Баяр Бригам Янгийн их сургуулийн удирдлагуудтай уулзах үеэрээ боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал байгааг онцолсон юм. Солт Лэйк тойргийн их, дээд сургуулиудад жил бүр тогтмол 200 оюутан суралцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд Нийслэл Улаанбаатар хотоос оюутнуудыг сургах тэтгэлгийг хамтран зохион байгуулахад бэлэн байгаагаа дурджээ.
Мөн төрийн албан хаагчийг чадавхжуулах богино, дунд хугацааны сургалтуудыг АНУ-д төдийгүй Монголд эрдэмтэн, профессоруудыг урьж зохион байгуулах боломжтой гэжээ. Үүнээс гадна цахим, танхим хосолсон сургалтуудыг бодит ажил хэрэг болгох талаар ярилцсан байна. Цаашид Ази төвтэй сургуулиа Монголд байгуулах боломжийг судалж үзэхийг хүссэн юм.
Түүнчлэн Хавай мужид сурч буй монгол оюутнуудыг хүлээн авч уулзжээ. Оюутнуудын ажиллаж, амьдарч буй нөхцөл, тэтгэлэг, боломжуудын талаар ярилцаж, их сургуулиа төгсөөд эх орондоо ирж ажиллаж амьдрахыг оюутнуудад уриалсан байна.
Зургийн цомог
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.