Иргэн Д.Мөнх-Эрдэний гаргасан үйлдэлд харамсаж буйгаа илэрхийлэв

Иргэн Д.Мөнх-Эрдэний гаргасан үйлдэлд харамсаж буйгаа илэрхийлэв

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ 2025 оны 10 дугаар сарын 28-нд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байранд зөвшөөрөлгүй нэвтэрч, лайв бичлэг хийж, ажилтнуудын нэр төр, хувь хүний халдашгүй байдал болон байгууллагын хэвийн үйл ажиллагаанд ноцтойгоор халдсан үйлдэл гаргасан учир тус компаниас мэдэгдэл гаргажээ. 

Мэдэгдэлд, 

-Иргэн Д.Мөнх-Эрдэнэ нийгмийн сүлжээнд “Эрдэнэс Монгол компанийг татан буулгавал 270 тэрбум төгрөг хэмнэж, эмч багш нарын цалинг нэмэх боломжтой” зэрэг илт худал, үндэслэл судалгаа тооцоогүй мэдээлэл тараасныг анхааруулж, ийм мэдээлэлд автахгүй байхыг хүсье. 

Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд “Эрдэнэс Монгол” нэгдэл цогц өөрчлөлт, шинэчлэлийг эхлүүлж, Монгол Улсын одоогийн болон ирээдүйн ард иргэдэд байгалийн баялгийн үр ашгийг тэгш, шударга хүртээх тогтолцоог бүрдүүлэх, бодит хэрэгжилтийг хангахад манлайлах үүрэг гүйцэтгэж, нэгдлийн харьяаны 6 стратегийн ордын үйл ажиллагааны үр ашгаас иргэдийн Хуримтлалын санд 2024 онд 500 тэрбум төгрөг, 2025 онд 507 тэрбум төгрөг, нийт нэг их наяд гаруй төгрөгийг төвлөрүүллээ. Мөн энэ ажлын хүрээнд 2012 оноос хойш мэндэлсэн 900 мянган иргэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг энгийн хувьцааг нэмж эзэмшүүлэх, 2022, 2023 оны цэвэр ашгаас 1.2 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилах ажлыг зохион байгуулсан.

1c88d98cc83d4c4aa635cfd21785a81c

Цаашид Үндэсний баялгийн санг арвижуулах, иргэдэд хүртээх орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Ухаа-худаг, Нарийнсухайт, Бүрэнхаан зэрэг стратегийн ач холбогдол бүхий 9 ордод холбогдох үр өгөөжийг тогтоох судалгаа, санхүүгийн тооцооллыг хийж, тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хэлэлцээ хийхэд манлайлан оролцож байна. Мөн олон жил яригдсан хөрөнгө оруулалтын төслийг бодитой эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эхлүүлж байна. Тухайлбал, Францын “Орано Майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаар Монгол Улсын төсөвт төслийн нийт хугацаанд 17.1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд 2 их наяд төгрөг төвлөрүүлж, шинээр 1600 ажлын байрыг бий болгох боломжийг нээлээ. Шинээр нөөц баялгийг нэмэгдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх ажлыг эрчимжүүлж, Асгатын мөнгөний орд, Овоот хяр, Хүрэнцавын алтны орд зэрэг 19 төсөл, газрын ховор элемент, критикал ашигт малтмалын 9 талбайн судалгааг хийж эхлүүлээд байна.

Нэгдлийн стратегийн хүрээнд Монгол Улсын аж үйлдвэрийн гинжин хэлхээний суурийг тавих зорилгоор өөрийн эзэмшлийн стратегийн ордуудыг түшиглэн уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, технологийн паркийг 6 байршилд хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, бүтээн байгуулалтыг эхлүүлээд байна. Энэхүү санаачилга нь Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах, эрчим хүчний хараат бус байдлыг хангах, иргэдэд шууд хувиарлагдах баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Түүнчлэн нэгдлийн компаниудын засаглал, ил тод байдал, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, нэгдлийн тогтолцоог группийн зарчмаар ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлж, нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлж байна. Толгой компаниас сүүлийн 2 жилийн хугацаанд нэгдлийн 30 гаруй охин хараат компани, хуулийн этгээдийг нэгдсэн удирдлагаар хангаж, бизнес төлөвлөгөө, төсөв хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд 346 удирдамж чиглэл, санал дүгнэлт өгч, менежментийн 7 чиглэлийн 36 төрлийн үйлчилгээг 2000 гаруй тоон давтамжтай үзүүлсэн байна. Мөн нэгдлийн үйл ажиллагаанд хамаарал бүхий 150 гаруй Засгийн газрын тогтоол, тэмдэглэлийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн.

Ингэснээр нэгдлийн компаниуд нэгдсэн удирдлага, стратеги зорилтын хүрээнд хамтран ажиллаж, үйл ажиллагааны үзүүлэлт тогтмол сайжирч, 2024 онд нийт 15.9 их наяд төгрөгийн орлоготой, 5.4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж улсын гадаад валютын нөөцийн 80 хувийг бүрдүүлэн, 5.2 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна. Мөн санхүүгийн удирдлагыг оновчтой зохион байгуулж, төсвийн сахилга батыг сайжруулах замаар нэгдлийн компаниудын хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулж байна гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.