Г.Дамдинням, Ерөнхий сайдыг буруу мэдээллээр хангаад байна уу?!
Манай хойд хөрш ОХУ дайн өдөөгөөд гурван жил гаруй болчихлоо. Баттай бус мэдээ ч одоо хоёр тал дроноор дайтаж байна. Хоёр талын гол гол обьектууд руу жолоочгүй төхөөрөмжөөр халдан довтолж байна. Үүний нэг бай нь ОХУ-ын нефть хангамжийн агуулахууд болоод байгаа юм.
Зарим эх сурвалж тус улсын нефть боловсруулах анхан шатны хүчин чадлын 38 хувь нь зогссон гэж мэдээлж байна. Энэ нь ОХУ-аас шатахууны бараг 100 хувь хамааралтай манай улсад хүнд цохилт болж байгаа нь нууц биш.
Зах зээл хэмээгч үл үзэгдэх гар бүхнийг зохицуулж байдаг гэдэг. Манай улсын хувьд “стратегийн” гэх нэр томьёогоор тэрхүү гарыг төрийн хатуу гараар барьж байдаг. Үүнийгээ хүүгүй юм уу маш бага хүүтэй зээл олгох, татаас өгөх хэлбэрээр хийсээр ирлээ. Нефтийн бүтээгдэхүүн дээр хоёр улсын Засгийн газар тогтсон нэг үнээр авна (Үнэ тогтворжуулах хөтөлбөр) гэж хэлэлцээр байгуулснаас үүдээд бид саяны хэд хоног улсаараа шатахуун, түлшгүй боллоо хэмээн эх сурвалж мэдээлж байна.
ОХУ-ын төрийн өмчийн Роснефть компани манайд АИ-92 шатахуун нийлүүлдэг. Тус компаниас олгох тонн нь хязгаартай. Илүү ихийг хүсвэл тус улсын бусад компаниудад хандахаас өөр аргагүй. Гэтэл монголын нефть импортлогч компаниуд тус улсын бусад жижиг аж ахуйн нэгжүүдээс шатахуун авъя гэхээр Роснефтиэс үнэтэй буюу нөгөө хэд нь зах зээлийн үнээр өгөх гээд байдаг байна. Үүнд Үнэ тогтворжуулах хөтөлбөр саад болдог аж.
Хэрэв Засгийн газар нефтийн бүтээгдэхүүний үнийг хатуу гараар барилгүй, зах зээлийн үл үзэгдэгч гарт нь даатгах аваас манай аж ахуйн нэгжүүд Роснефтийг царайлчлалгүй хаанаас бол хаанаас олоод ирэх бүрэн чадвартай юмсанж. Эрэлт байвал нийлүүлэлт байна. Шатахуун магнаг болбол ашгийн төлөө явдаг компаниуд яаж газрын гаваас олоод зах зээлд нийлүүлж дөнгөнө.
Ийм “элементарный” мэдээллээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд маань Ерөнхий сайддаа мэдээлдэггүй, буруу мэдээллээр хангаад байдаг юм биш биз дээ гэсэн хардлага байна. Иймдээ бид хэд хоног сая улсаараа улдсан юм биш биз!
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.