Дам тамхидалтаас сэргийлж, электрон тамхи татаж байгаа нэгэндээ шаардлага тавиарай
1980-аад оны Америкт болсон үйл явдлыг харуулсан кино дэлгэцээр гарч байна. Онгоцон дотор, цайны газарт хэн нэгэн хээв нэг тамхи татаж сууна...
Энэ бол хажууд хүн тамхи татахад бусдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг, дам тамхидалт хор уршигтай гэдгийг хүн төрөлхтөн гүйцэд ойлгож ухаараагүй үеийн үйл явдал л даа. Одоо бол бид дам тамхидалт ямар хор уршигтайг мэддэг болсон учир янжуур зуусан хэн нэгэнд шаардлага тавихаас эмээдэггүй болжээ.
Гэтэл сүүлийн жилүүдэд электрон тамхи гэдэг шинэ хэрэглээ бидний амьдралд шинээр, хурдацтай ороод ирлээ. Дам тамхидалтын хор уршиг гэж байдаг юм болов уу?
ЕБС-ийн сурагчдын дунд явуулсан судалгаагаар дөрвөн хүүхэд тутмын нэг нь электрон тамхи татаж байгаа нь эцэг, эхчүүдийн санааг зовоож байна. Өсвөр үеийнхэн никитонд донтох магадлал өндөр, үүнд мэдрэмтгий, шинэ зүйлд тэмүүлэх хандлагатай байдгийг бизнес эрхлэгчид ашиглан электрон тамхийг янз бүрийн үнэр, амттайгаар 550 мянган нэр төрлөөр нь үйлдвэрлэн түгээж байна.
Тамхи татдаггүй хүний дэргэд янжуур тамхи татах нь хортой гэдгийг эрүүл мэндийн байгууллага хүлээн зөвшөөрөх хүртэл 20 гаруй жил болсон байдаг. Үүн шиг электрон тамхи нь янжууртай адил хортой гэдгийг баталж, нэгдсэн нэг ойлголтод хүрэхийн тулд 20 жилийг зарцуулах хэрэг байна уу?
Товчдоо, электрон тамхи бол янжууртай адил хортой үйлчилгээтэй. Нэмэлт амт оруулагч, химийн бодис нэмдэг учир бүр илүү хортой. Иймээс залуучуудын дунд зах хязгааргүй тархаж байгаад насанд хүрсэн хүн бүхэн санаа зовинож, анхаарал тавих шаардлагатай байна.
Электрон тамхины дам хор нөлөөний тухай яриандаа эргээд ороход, хэрэв хэн нэгэн хажууд чинь татах аваас таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэдгийг сайтар ойлгоорой. Тус тамхины шингэн ууршиж, утаа нь дотоод орчны агаар дахь тоосонцрын хэмжээг нэмэгдүүлж, никотин болон бусад хорт бодисыг агаарт тархаадаг байна. Иймд таны хажууд электрон тамхи татах аваас, эрүүл мэндээ бодон түүнд шаардлага тавиарай. Утааг нь хүүхэд залгих аваас насанд хүрсэн хүнээс илүү хордоно шүү.
Иймд улс орнууд янжуур болон электрон тамхины татварыг өндөр болгож, зар сурталчилгааг хязгаарлаж, олон нийтийн газарт хориглож байна. Цаашилбал, насанд хүрээгүй иргэдэд худалдахыг хориглож, амт, үнэрт хязгаар тавьж байна. Харин Монгол хязгаарлалт тавиагүй, хуулиар зохицуулаагүй 74 орны нэг байсаар байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.