Тэтгэврийн даатгал төрийн дээрэм биш
Сүүлийн үед зарим телевизээр тухайлбал 2025 оны 10 дугаар сарын 24-ний 25 цаг мэдээллийн цагаар “Нийгмийн даатгалд даатгуулагч эрэгтэйчүүдийн 52,8 хувь, эмэгтэйчүүдийн 39,1 хувь нь тэтгэврийн насанд хүрээгүй байхдаа нас барж, төлсөн шиймтгэлийн мөнгийг нь төр дээрэмдэж байна” гэж сурталчилж байна. Энэ тоон мэдээллийг сонсоод надад манай улс чинь хүн амын нас баралтаар гамшгийн хэмжээнд хүрсэн юм биш үү гэсэн бодол зурсхийснийг дурдах нь зүйтэй байх.
Энд дурдсан нас барагсдын хувь нь нийгмийн даатгалын харилцаанд хамрагдсанаас хойш тэтгэврийн насанд хүрэхээсээ өмнө нас барсан хүмүүсийн тоонд суурилсан уу үгүй юү гэсэн асуулт гарна. Хүн амын тооны статистикаас тэтгэврийн насанд хүрээгүй байхдаа нас барсан хүний тоонд үндэслэсэн бол энэ нь олон түмнийг төөрөгдүүлсэн, тэдний нийгмийн даатгалд хамрагдах итгэлийг алдруулсан худал хуурмаг мэдээлэл болж таарна. Хэрэв худал хуурмаг мэдээлэл цацсан бол тэр телевизийг шүүхэд өгсөн ч болно. Дээр дурдсан нэвтрүүлгийг үзээд зарим тайлбар бичиж, олон түмэндээ хүргэх нь зүйтэй гэж бодлоо.
ТӨР ДЭЭРЭМДДЭГГҮЙ
Юуны түрүүнд тэтгэвэр тогтоолгохоосоо өмнө нас барсан даатгуулагчийн төлсөн шимтгэлийн мөнгө түүний асрамжид байсан үр хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эх, ач зээ нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр болон олгогддог хуулийн зохицуулалттай. Хэрэв ийм тэтгэвэр авах асрамжид нь байдаг хүн байхгүй бол бусад тэтгэврийнхэн түүнийг нь хувааж хүртдэг. Энэ бол нийгмийн даатгалын эв санааны нэгдлийн тогтолцооны зарчим юм.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд зааснаар тэтгэврийн даатгалд даатгуулагчийн төлвөл зохих шимтгэлийн хэмжээг түүний авч байгаа цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 8.5 хувиар тогтоожээ.
Энэхүү тэтгэврийн даатгалын шимтгэлийн орлогоос дор дурдсан 3 төрлийн тэтгэврийг санхүүжүүлэхээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заажээ. Үүнд:
1. Өндөр насны тэтгэвэр
2. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
3. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр
Эндээс харвал тэтгэврийн даатгалын шимтгэлд даатгуулагчийн төлсөн шимтгэлийн мөнгийг ТӨР ДЭЭРЭМДДЭГГҮЙ, харин түүний асрамжид байсан хүүхдүүд, эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй ач, зээ нарт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тэжээгчээ алдсаны тэтгэвэр болон олгогддог гэдгийг бүгдээрээ нэг мөр мэдэж авах нь зүйтэй.
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ЗАРДЛЫГ ЖОЛООДЛОГОГҮЙ ӨСГӨЖ, ЯРУУРАЛ ӨЛСГӨЛӨН РҮҮ НАСТНУУДАА ТҮЛХЭХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬЕ
Энэ дашрамд хэрэв манай улс тэтгэврийн даатгалын хуримтлалын тогтолцоонд шилжих аваас одоогоор тэтгэврийн даатгалын шимтгэлээс санхүүгийн эх үүсвэр бүхий тэжээгчээ алдсаны болон хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэвэрийн эх үүсвэрийг хуримтлалын тогтолцооны тэтгэврийн даатгалын гэрээнд оруулах эсэхийг би лав хэлж мэдэхгүй. Ер нь л энэ төрлийн тэтгэвэр эх үүсвэргүй болж, өөр нэг хувийн даатгалын компанид зэрэгцээ даатгуулах шаардлага үүсэхийг огтхон ч үгүйсгэж болохгүй. За тэр тогтолцооны өөрчлөлтийн давалгаан дунд нийгмийн даатгалын бүрэлдэхүүн хэсэг болсон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалгаалах өвчний, ажилгүйдлын болон тэтгэмжийн даатгалын харилцаа яаж эргэхийг өдийд хэлэхэд эртдэх хэдий ч хувийн сайн дурын даатгалын харилцаанд шилжих магадлал тун чиг өндөр.
Ийм учраас л нийгмийн даатгалын тогтолцоогоо хөндөхгүйгээр уг даатгалын сангийн удирдлагыг сайжруулах өөрчлөлтийг хийгээсэй гэсэн саналтай байдаг.
Ганц тэтгэврийн даатгалыг хуримтлалын тогтолцоонд шилжүүлээд үлдсэн даатгалын төрлүүдийг нэг мөр шийдэхгүй бол төрийн нийгмийн халамжийн ачаалал төсөөлж ч байгаагүй өндөр түвшинд хүрнэ гэдэгт эргэлзэх зүйл үгүй. Үүнээс улбаалан ядуурал өлсгөлөн төсөөлж байгаагүй өндөр түвшинд хүрэх нь дамжиггүй. Энэ бол улсын төсвийн зарлага тал нь маш их өсөх ирээдүйн төлөв юм.
Ийм байхад манай залуу үе тэтгэврийн даатгалын хуримтлалын тогтолцоо ёстой гоё, даатгуулагч өөрийнхөө төлсөн шимтгэлийн мөнгийг өөрөө л хүртэх нь шударга гэж мэдэмхийрэх юм. Тэтгэврийн даатгалын хуримтлалын тогтолцоог нутагшуулахаар санаархагчид бусад хуримтлалын тогтолцоо бүхий улс орнууд миний дээр дурдсан даатгалын төрлүүдийг хэрхэн яаж зохицуулж байгааг заавал судалж үзээрэй хэмээн захья
Ямартай ч нийгмийн даатгалын тогтолцоог өөрчлөхөд үр дагавар нь ямар байх, тэдгээрийг даван туулах ямар арга зам байгааг урьдчилан тогтоохгүйгээр уг өөрчлөлтийг хурдан хуумгай хийх гэж оролдох нь хожим харамсаад ч барахгүй үр дагавартай гэдгийг дахих дахин сануулъя.
Судлаач Цэдэвийн Товуусүрэн
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.