🔴Т.Аубакир: Эмч, багш нарын цалинг нэмэхийн тулд хүүхдийн мөнгө рүү ч орох эрсдэл үүсэж болзошгүй
Багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэх асуудлаар УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн, ГБХНХ-ын сайд Т.Аубакир:
-Эмч, багш нарын цалинг нэмэх асуудал дээр хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсэж эхэлж байна. "Багш, эмч нар ингээд жагсаал хийхээр цалингаа нэмүүлчихдэг юм байна. Тэгвэл бусад төрийн алба хаагч нар нь яах юм бэ?" гэсэн байр суурийг төрийн үйлчилгээ, байгаль хамгаалал гэх мэт салбарын ажилчид илэрхийлж байгаа. Тэгэхээр нэлээн ярвигтай асуудал рүү түлхэж байна.
Мэдээж багш нарын цалин өндөр байх ёстой гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ улсын төсвийн нөхцөл бололцоо амаргүй байна. Төсвийн байнгын хороон дээр хүүхдийн мөнгөнөөс хасах асуудал яригдаж байна. Энийг бол би зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Мөн нийгмийн даатгалын сан руу ч орж болохгүйг илэрхийлсэн. Гэхдээ "Хүүхдийн мөнгө рүү орохоос өөр гарцгүй боллоо" гэж Төсвийн байнгын хорооныхон яриад сууж байна.
Урсгал зардлуудыг тодорхой хэмжээд бууруулна. Цай кофе, бичиг цаасны мөнгийг хэмнээд хэмнээд 100 тэрбумаас хэтрэхгүй. Гэтэл бид 2-3 их наяд төгрөгийн асуудал ярьж байна. МАН, АН-ын бүлгүүд хуралдаж, энэ асуудлаас яаж зөв замаар гарахыг тал талдаа ярилцаж байна.
Хүүхэд хамгааллын зардлаас бол бууруулахгүй. Харин зарим малжуулах хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байртай болгох хөтөлбөр зэргээс 10-15 хувиар бууруулах төлөвтэй байна. Одоогоор хэлэлцээд л явж байна гэлээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.